Нийгэм
Ричард Бреслин: Улаанбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай

Шинэ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гаргахад шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөө болон мэргэжлийн хэмжилт үзүүлэлтүүдийг гаргахаар “Populous Holdings” компанийн Олон улс хариуцсан захирал Ричард Бреслин тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод ажиллаж байна.
Өнөөдөр тус компанийн төлөөлөгчид Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нөхцөл байдалтай танилцаж, урьдчилсан судалгааг эхлүүллээ.
“Populous Holdings” компанийн Олон улс хариуцсан захирал Ричард Бреслин “Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудал нь зай талбайн стандартын шаардлага хангаагүйгээс гадна зарим өнцгөөс үзвэр үзэх нөхцөл хязгаарлагдмал, шат нь ижил тэгш бус өндөр, нам байна. Мөн ариун цэврийн байгууламж дутмаг байгаа зэрэг олон шалтгаанаас үүдэн Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай. Тус хүрээлэнг жил бүр засварладаг гэдгийг албаныхан хэлсэн. Гэвч бидний урьдчилсан дүгнэлтээр засвар хийсээр эцсийн шатандаа хүрчээ. Ийм суурин дээр олон давтамжтай засвар хийж, хөрөнгөө зарцуулж байснаас энэ талбайд шинэ хүрээлэн байгуулах цаг болсон байна” гэв.
Мөн тэрбээр дэлхий дахинаа орчин үеийн стандартад нийцсэн цэнгэлдэх хүрээлэн болон аренаг хотоос зайдуу биш хотын төвд байгуулах жишиг тогтож байгаа. Учир нь дэд бүтцээ хэдийн шийдсэн байдаг бөгөөд иргэд үзвэр үйлчилгээг үзэхдээ хол явах шаардлагагүйгээр цаг хугацаа, хөрөнгө санхүүгээ хэмнэх боломжтой байдгаараа давуу талтай. Харин стандартын хувьд орчин үеийн цэнгэлдэх хүрээлэнгийн орц, гарцын хөдөлгөөн хоёр тийш салсан урсгалаар зохицуулагдаж, стандартын дагуу эгнээ, суудлаа эзэлдэг бөгөөд аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг. Тодруулбал, төв том хаалганыхаа хажуу талаар нарийн гол хаалганууд байршуулан хүний тоог хянах боломжтой. Мөн үзэгчдийн суудлын хэсгийг зай талбай ихтэй, тав тухтай байхаар шийдсэн байдаг. Энэ нь гэнэтийн осол аваар, гал гарах зэрэг болзошгүй эрсдэл гарсан үед хүн чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлнэ гэлээ.
Улаанбаатар хотын шинэ төв цэнгэлдэх хүрээлэнг 12.8 га талбайд дөрвөн улирлын ашиглалтын зориулалттай буюу нээгдэж, хаагддаг дээвэртэй, доороо авто зогсоолтой, 30 мянга гаруй хүний суудал байхаар төлөвлөн, урьдчилсан судалгааг хийхээр ирээд буй юм.

Нийгэм
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэв.
Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 29 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 71.5 хувьтай байна.
Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах, ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгаад байгаа юм. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгавар боловсруулах ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих,
- Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, байршуулах ажлуудаа эрчимжүүлэх,
- Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гаргаж, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах,
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.
Нийгэм
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

“Улаанбаатар марафон 2025” өдөрлөгөөр гүйгчдэд дэмжлэг, урам зориг өгч, иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэн ажиллах сайн дурын ажилтнуудын бүртгэл эхэллээ.
Сайн дурын ажилтнууд гүйж буй хүмүүст урам хайрлах үг хэлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэхээс гадна өдөрлөгийн өмнөх бэлтгэл болон өдөрлөгийн үеэрх зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх юм.
Сайн дурын ажилд оролцсоноор залуусын хувьд өөрийгөө нээх, бусадтай харилцах, багаар ажиллах чадвараа сайжруулах зэрэг олон боломжууд нээгддэг.
“Улаанбаатар марафон” нь олон улсын марафон тул сайн дурын ажилтнуудад нийслэлийн Засаг даргын гарын үсэгтэй “VOLUNTEER CERTIFICATE” олгодог.
Англи хэл дээр гаргадаг уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой байдгаараа мөн давуу талтай юм.
Нийгэм
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ний өдрийн 17 цаг 56 минутад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын Баруун ширээт орчимд ойн түймэр гарч байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэл дүүргийн онцгой байдлын хэлтэс албадаас 187 орчим, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 23, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын 12, Хан Хэнтийн УТХГ-ын 5, БОУАӨЯ нийт 40 орчим ажилтан алба хаагчид техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23 цаг 10 минутад хяналтад авч 02 цаг 13 минутад цурамд оруулсан байна.
Өнөөдөр 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өглөөний 07 цагийн байдлаар бүрэн унтраалаа.
Иргэдийг хуурайшилтын улиралд ууланд аялал хийхгүй байж гал түймрээс сэргийлэхийг анхааруулж байна.
-
Нийгэм11 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Нийгэм11 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
-
Эдийн засаг12 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
-
Нийгэм13 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
-
Нийгэм12 цаг өмнө
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
-
Нийгэм13 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм13 цаг өмнө
Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна