Нийгэм
Шархад дэд төвийн II ээлжийн 152 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ

НЗДТГ, Азийн Хөгжлийн банк болон Уур амьсгалын Ногоон сантай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн 152 айлын барилга угсралтын ажил Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шархад дэд төвд эхэллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр зургаан дэд төвийг байгуулж, орон сууцжуулах ажлыг үе шаттайгаар хийж буй. Дэд төвүүдийг байгуулснаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 40 гаруй хувь, агаарын бохирдлыг 50 орчим хувиар бууруулах болон “20 минутын хот” буюу иргэд оршин суугаа бүсдээ төрийн үйлчилгээг 20 минутад авдаг стандарт руу шилжих, ажлын байр бий болох зэрэг цогц асуудлыг шийдэх юм. Энэ жил Сэлбэ, Баянхошуу, Шархад дэд төвүүдэд орон сууцжуулах ажлыг эрчимжүүлж байна. Тодруулбал, өнөөдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг хамарч буй Шархад дэд төвийн II ээлжийн 152 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Эл ногоон орон сууцны эко хороолол ашиглалтад орсноор тухайн бүсийн оршин суугчид хашаа, байшингаа орон сууцаар солих замаар дараагийн 600 айлын газар чөлөөлөлтийг хийх юм” хэмээв.
Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү “Шархад дэд төвд хийсэн дэд бүтцэд суурилан 977 айлын ногоон орон сууцыг эко хорооллын төлөвлөлтөөр байгуулах юм. Үүнээс 2023-2025 онуудад 338 айлын ногоон орон сууцны эко хороолол барихаар төлөвлөсөн бөгөөд 2024 оны дөрөвдүгээр улиралд төслийн эхний ээлжийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад оруулна. Төслийн дараагийн ээлжийн 152 айлын ногоон орон сууц нь Шархад дэд төвийн 1.8 га газарт төлөвлөгдсөн бөгөөд барилга угсралтын гүйцэтгэгчээр “Тамга-Уул” ХХК болон “Хангай Энержи” ХХК-ийн түншлэл шалгаран, өнөөдөр бүтээн байгуулалтын ажлаа эхлүүллээ. Тус 152 айлын эко хорооллыг нийтдээ дөрвөн блок барилга болон худалдаа, үйлчилгээний төвтэй байхаар төлөвлөсөн” гэлээ.
Ташрамд, Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн зүгээс тус эко хорооллын 40 хувьд нь цэвэр ногоон байгууламжийг төлөвлөж, гадна тохижилт нь явган болон дугуйтай зорчигч, тэргэнцэртэй иргэд саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Түүнчлэн барилга угсралтад дулаан алдагдал хамгийн бага, байгальд ээлтэй материалыг ашиглаж, нарны цахилгаан үүсгүүрийг нэвтрүүлсэн аж. Мөн ус, цахилгааны ашиглалтын зардлыг 20 хувь хүртэл бууруулах шинэлэг технологийг нэвтрүүлсэн эрчим хүчний хэмнэлттэй инженерийн иж бүрэн ногоон шийдлийг агуулсан цогц эко хороолол юм.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.