Нийгэм
Буйр нуураас хясаа түүж бэлтгэхийг хориглоно

Буйр нуурт амьдардаг дагуурын сувдан хясаа (Dahurinaia dahurica ), дэлт танан хясаа (Cristaria plicata) нь Монгол орны “Улаан ном”-д орсон байдаг аж.
Түүнчлэн танан хясаа (Middendorffinaia mongolica) Онон, Балж, Халх, Нөмрөг голын савд маш цөөн таардаг байна.
Хясаа нь илтэс заламгайтны ангийн төлөөлөгч юм. Буйр нуурт 10-30 см урт, 200-1000 грамм жинтэй бодгалиуд элбэг таардаг аж.
Хясаа нь ягаавтар өнгөтэй салбант нялцгай биетэй. Салбангаас ялгарсан шүүс нь шохойлог бодис ихээр агуулдаг аж.
Хясаа ус цалгилах, гэрэл, харанхуйг мэдэрдэг бөгөөд эм хясааны өндгөн эс, эр эстэй усанд нийлж үр тогтдог байна.
Нас биед хүрсэн нэг хясаа ойролцоогоор 190 литр усыг таван цагт цэвэршүүлдэг аж. Тиймээс нуураас хясаа түүж, чанаж идэхгүй байхыг зөвлөж байна.
Буйр нуураас хясаа түүж бэлтгэсэн тохиолдолд хариуцлага тооцохыг Буйр нуур Мэнэнгийн талын сав газрын захиргаанаас анхаарууллаа.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.