Нийгэм
Улаанбаатар-Прага-Улаанбаатарын хооронд шууд нислэгтэй боллоо

Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлийн анхны хуваарьт шууд нислэгийг хүлээн авах ёслол 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “Вацлав Хавел” олон улсын нисэх онгоцны буудалд боллоо. Ёслолын ажиллагаанд Элчин сайд Д.Гансүх, “Изинис Эйрвэйз” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Оюундэлгэр, Чех улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Я.Вытопил, “Вацлав Хавел” олон улсын нисэх онгоцны буудлын Гүйцэтгэх захирал И.Пос зэрэг албаны хүмүүс оролцов.
Агаарын харилцааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд “Изинис Эйрвэйз” ХХК долоо хоногийн Лхагва, Бямба гарагуудад шууд нислэг үйлдэх бөгөөд ийнхүү 7 дугаар сарын 10-ны өдрийн Улаанбаатар – Прага чиглэлийн анхны шууд нислэгээр 81 зорчигч хүрэлцэн ирсэн бол Прага хотоос 153 зорчигч эх орноо зорьжээ. Тэдний дунд Чехээс гадна Австри, Их Британи, Франц зэрэг улсаас дамжин нисэж буй иргэд цөөнгүй байв.
Элчин сайд Д.Гансүх энэхүү үйл явдал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн босгон дээр болж буйг онцлоод Монгол, Чехийн хамтын ажиллагаанд шинэ хуудсыг нээж, Монгол Улсыг “гуравдагч хөрш” Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай шууд холбох гүүр, Европ руу зорчих манай улсын гурав дахь гарц болж байгааг тэмдэглэв. Өнөөгийн байдлаар Чех улсад 13 мянга гаруй монгол иргэн ажиллаж, аж төрж байна. Мөн Европын 32 улсын иргэд Монгол оронд аялахдаа визгүй зорчиж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.