Нийгэм
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Тайж хайрханы бэлд зохион байгуулагдана

Нүүдлийн соёлын хосгүй илэрхийлэл болсон соёлын биет болон биет бус өв нь хүн төрөлхтний түүхийн уртад Монголчуудын соёлын дахин давтагдашгүй байдал, байгаль, цаг уур, газарзүйн онцлогтой уялдан үеэс үед өвлөн уламжлагдаж хөгжил дэвшлийн нэгэн илэрхийлэл болсоор байна.
Гэсэн хэдий ч соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах асуудал хүн төрөлхтний өмнө нэн тулгамдсан зорилтын нэг болж, дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна.
Манай улс Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн 2003 оны конвенцод 2005 онд нэгдсэн бөгөөд өөрийн нутаг дэвсгэр дээрх соёлын биет бус өвийг хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээдэг билээ.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээгч монгол хүн төвтэй нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болно”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Соёлын өвийг дэлхий дахинд сурталчлах чиглэлээр олон улсын арга хэмжээг зохион байгуулна”, “Байгаль, түүх, соёлын аялал жуулчлалын эвент арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж, цар хүрээг өргөжүүлнэ” гэж тус тус заасан байдаг. Иймээс Монгол Улсын Засгийн газрын 2024 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн “Фестиваль зохион байгуулах тухай” 41 дүгээр тогтоолоор “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг жил бүр зохион байгуулж байхаар боллоо.
Ийнхүү “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 2024 оны наймдугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Тайж хайрхан”-ы бэлд зохион байгуулахаар болсон бөгөөд “Соёлын биет бус өв”-ийн 7 ай савын хүрээнд Монгол Улсаас 880 өвлөн уламжлагч, 10 гаруй гадаадын улс орнуудын 150 гаруй төлөөлөл оролцохоор болсон.
Фестивальд хүрэлцэн ирснээр отог, өртөө бүрээр зочлон өв соёлтойгоо танилцах, үзүүлэн тоглолт үзэж сонирхох, соёлын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн худалдан авах, хүүхэд багачууд гэр бүлд зориулсан соёлын боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдан, амтат хоолоор үйлчлүүлэх бүхий л үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.