Нийгэм
П.Наранбаяр: Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2024-2025 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл хангахтай холбоотой үйл явц, нөхцөл байдлын талаар хэлэлцэж, Боловсролын сайд П.Наранбаяр дараах мэдээллийг өгөв.
1. Цэцэрлэг, сургуулийн хүртээмж:
2024-2025 хичээлийн жилд нийслэлд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142,150 хүүхэд байгаа бөгөөд 1-р шатны бүртгэлийг 2024 оны 8-р сарын 1-нээс эхлүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хаяг, байршлын мэдээллийн санд тулгуурлан “И-Монголиа” системээр бүртгэж, аймаг, нийслэлийн Боловсролын газрын тогтоосон хамран сургах тойргийн дагуу боловсролын салбарын мэдээллийн системээр хуваарилалт хийлээ.
Эхний шатны бүртгэлд 103,999 хүсэлт цахимаар ирсэн бөгөөд 2024 оны 8-р сарын 20, 21-ний өдрүүдэд эцэг эх, асран хамгаалагчдын утасны дугаарт мессежээр хариу хүргүүлэв. Харин 2-р шатны цахим бүртгэлийг 2024 оны 9-р сарын 5-наас 15-ны өдөр хүртэл зохион байгуулна.
Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах хүрээнд ачаалал өндөртэй дүүрэг, хороодын мэдээллийг гаргаж, энэ хичээлийн жилд нийт 11,768 хүүхдийн хүчин чадалтай 368 бүлэг бүхий 94 байрыг сургалтын зориулалтаар түрээслэхээр шийдвэрлээд байна. Мөн хамран сургах тойрог тогтоолгосон хувийн 274 цэцэрлэгт 15,000 хүртэлх хүүхдийг хамруулахаар төлөвлөлөө.
Ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангийн элсэлтийг цэцэрлэгийн адил “И-Монголиа” системээр бүртгэж байна. Бүртгэл 2024 оны 8-р сарын 12-ноос 25-ны хооронд үргэлжилнэ.
Нийслэлийн Боловсролын газраас ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23,188 хүүхэд гурван ээлжээр хичээллэх эрсдэлд байгаа гэсэн судалгааг гаргасан. Үүнийг шийдвэрлэхийн тулд 29 сургууль сургалтын зориулалттай байрыг нэмэлтээр түрээсэлнэ. Өнөөдрийн байдлаар 22 сургуулийн 15,955 хүчин чадалтай түрээсийн байрыг судалж, шийдвэрлэв.
Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл аймагт сургуулийн өмнөх боловсролын хүртээмжид анхаарал хандуулах шаардлагатай болж байгаа бол Ховд, Төв, Дархан-Уул, Хөвсгөл, Орхон, Дорнод аймгийн ерөнхий боловсролын зарим сургуулийн бүлэг дүүргэлт 40 буюу түүнээс дээш болсон үзүүлэлттэй байна.
2. Багшийн сул орон тоо:
Албан ёсны статистик мэдээллээр 2024 оны 7-р сарын 20-ны байдлаар нийт ерөнхий боловсролын сургуулиудад 4217 багшийн сул орон тоо үүссэний 2429 нь Улаанбаатар хотод байна. Харин цэцэрлэгт нийт 508 бүлгийн багшийн сул орон тоо үүссэний 304 нь Улаанбаатар хотод байгаа юм.
Сүүлийн таван жилийн үзүүлэлтийг харьцуулахад 2700-3900 хүртэлх багшийн сул орон тоо үүсэж, тухайн хичээлийн жилийн 1-р улиралд 80 хүртэлх хувьтай нөхөгддөг байна. Энэ онд багш хөтөлбөрөөр бакалаврын зэрэгтэй 2805 оюутан төгссөний 708 нь сургуулийн өмнөх, 526 нь бага боловсролын, үлдсэн нь бусад мэргэжлийн багш нар байна. Тэтгэвэр тогтоолгож, тэтгэмжээ суулгасан багшлах боловсон хүчин 1077 байна. Мөн багш бэлтгэх их сургуулиудын 3, 4-р дамжаанд 3998 оюутан суралцаж байна.
Боловсролын яамнаас багшийн сул орон тоог шийдвэрлэх, богино хугацаанд нөхөх зорилгоор багш бус мэргэжилтэй их, дээд сургуулийг амжилттай төгссөн иргэдэд богино хугацааны сургалтаар багшлах эрх олгож, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна. Энэ хугацаанд хөрвөх сургалтаар багш мэргэжил эзэмшиж, үндсэн багшаар ажиллах боломжтой болно. Хичээлийн жилийн 1-р улиралд дадлагажигч багш нарыг цалинтай ажиллуулах, тэтгэвэр тогтоолгосон багш нарыг үргэлжлүүлэн ажиллуулах, шинээр төгсөгчдийг ажлын байраар хангах, удирдах ажилтнуудад сургалтын цаг олгох зэргээр цогц арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна.
3. Хичээлийн жилийн бүтэц, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө:
Боловсролын сайдын 2024 оны А/01 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан. Шинэчилсэн бүтцээр хичээлийн жил нь гурван улиралтай байх бөгөөд мал аж ахуй, хөдөө, аж ахуйн үйлдвэрлэл, байгаль цаг уурын онцлогоос шалтгаалж хот, хөдөөд ялгаатай байна. Өмнөх бүтцээс хичээлийн жилийн 1 болон 3-р улиралд бие даалтын долоо хоног, 2-р улиралд цахим сургалтын долоо хоногийн төлөвлөж өгснөөрөө онцлогтой. Ингэснээр нийслэлд хүйтний болон утааны оргил үед урт амрах, хөдөө, орон нутагт мал төллөлтийн үед хүүхдүүд эцэг эхдээ туслах боломж бүрдэнэ.
Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх болон бага боловсролын түвшинд үндэсний сургалтын хөтөлбөрийн туршилтыг эхлүүлнэ. Боловсролын салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд англи хэлний “Pearson” хөтөлбөрийг эхний ээлжид ерөнхий боловсролын 100 сургуулийн 3, 4-р ангид турших бол 5-7-р ангид үндэсний хэмжээнд нэвтрүүлнэ. Математикийн “Eduten” хөтөлбөрийг 2-5-р ангид үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр бэлтгэл хангалаа.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 1-5-р ангийн дижитал сурах бичгийн цахим систем нэвтрүүлэх явц 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд бага ангийн 1670 хичээл, 150-аас дээш төрлийн модуль, 12,525 интерактив дасгал, 15,864 интерактив хуудсыг sur.esis.edu.mn цахим системд байршуулав.
4. Хичээлийн шинэ жилийн нээлт:
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь хэсэгт заасны дагуу цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагаа 9-р сарын 1-нд эхэлнэ. Энэ оны 9-р сарын 1-ний өдөр ням гараг тохиож байна.
Хичээлийн жилийн эхний өдөр буюу 9-р сарын 1-ний өдрийн үйл ажиллагааг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн суралцахуйн төвүүд багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад хүндрэл чирэгдэлгүй, нээлттэй, уян хатан, нүсэр бус төсөр байдлаар зохион байгуулах зөвлөмж, чиглэлийг Боловсролын ерөнхий газраас хүргүүлсэн. Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 9-р сарын 1-нд аливаа албан тушаалтан ямар нэг цэцэрлэг, сургууль дээр очихгүй байх чиглэл өгөв.
Мэргэжлийн боловсрол, сургалтын болон дээд боловсролын байгууллагууд 2024 оны 9-р сарын 2-ны өдөр нээлтээ хийж, хичээл сургалтаа эхлүүлнэ. Нээлтийн цагийг орон нутгийн онцлог, бодлого чиглэлд нийцүүлэн тогтоох юм. Тухайлбал, нийслэлд замын түгжрэл, хүүхдээ цэцэрлэг, сургуульд хүргэх цагийг тооцох гэх мэт.
Мөн боловсролын сургалтын байгууллага бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хичээлийн шинэ жилд зориулсан мэндчилгээ, “Монгол Улсын Үндсэн Хууль” сэдэвт цахим контентыг суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд боломжит хувилбараар нээлттэй, хүртээмжтэй хүргэнэ.
5. Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ:
2024 онд Боловсролын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 744.8 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 490 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна.
Энэ онд багтаан 74 төсөл, арга хэмжээг дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. 2024 оны 7-р сарын 31-ний байдлаар нийт 17-г нь дуусгаж, ашиглалтад хүлээн авсан бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүчин чадал 4710-аар нэмэгдэв.
Цаашид 2024 оны 8-р сард 5, 9-р сард 15, 10-р сард 5, 12-р сард 32 төсөл, арга хэмжээг дуусгаж, ашиглалтад хүлээн авна. Ингэснээр 29 цэцэрлэг, ерөнхий боловсролын 25 сургууль ашиглалтад орж, сургуулийн хүчин чадал 13,725 суудлаар, цэцэрлэгийн хүчин чадал 4280 ороор тус тус нэмэгдэх юм.
Улсын хэмжээнд гүйцэтгэгчээс шалтгаалж удааширсан 30 төсөл, арга хэмжээний гэрээг цуцалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн байгууллагууд дараагийн шатны арга хэмжээг хэрэгжүүлж байна. Мөн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор нийслэлд 11 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд зохицуулалт хийж, эрчимжүүлэх арга хэмжээг авлаа.
Мэдээллийн төгсгөлд Боловсролын сайд П.Наранбаяр хувийн сургуулиудын сургалтын төлбөр, хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх талаар сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрбээр:
- Зорилтот бүлгийн 80,000 гаруй хүүхдүүдийн цэцэрлэгийн хоолны нэмэлт 1000 төгрөгийг эцэг эх, асран хамгаалагчаас авахгүй, төсвөөс гаргана.
- Хувийн сургуулиудын төлбөрийн мэдээллийг нээлттэй болгож, эцэг эх, асран хамгаалагчид уг мэдээлэлд суурилан сонгох боломж олгох хэрэгтэй. Хувийн сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдсээр байвал боловсролыг импортлох магадлал өндөр болно.
- 9-р сарын 1-нд аливаа төрийн гурван өндөрлөг зэрэг аливаа албан тушаалтан ямар нэг цэцэрлэг, сургууль дээр очиж хүндрэл учруулахгүй, зөвхөн мэндчилгээ дэвшүүлнэ. Энэ бол багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдын баяр байх ёстой хэмээлээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.