Нийгэм
Шугам хоолойн засвар, шинэчлэлийн ажлыг 09 дүгээр сарын 15-ны дотор дуусгахыг үүрэг болголоо

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 гаруй км урттай дулааны шугам сүлжээ байдаг бөгөөд эдгээрийн ихэнх нь 30-60 жилийн насжилттай. Нийслэл хотын орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагын тоо нэмэгдэж, дулааны хэрэглээ өссөнтэй холбогдуулан шугам сүлжээг өргөтгөх хэрэгцээ шаардлага үүссэн. Тиймээс энэ жил нийт 18 байршилд 15.6 км дулааны магистраль шугамыг шинэчилж буй. Шугам хоолойн засвар, шинэчлэлийн ажил өнгөрсөн долоодугаар сард эхэлсэн бөгөөд шугам сүлжээний их засварыг гүйцэтгэхдээ шугам хоолойн хэмжээг өргөтгөж шинэчилж буй.
Жамъяангүний гудамж УДЭТ-аас Багшийн дээд хүртэлх 900 метр хос шугамыг шинэчлэх ажил өнгөрсөн долоодугаар сард эхэлсэн. Гүйцэтгэгчээр “Рутан” ХХК ажиллаж байна. Сүхбаатар дүүргийн 1,6,8 дугаар хорооны хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангадаг тус шугам хоолойг анх 1959 онд ашиглалтад оруулж, түүнээс хойш засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгээгүйн улмаас насжилтын хугацаа дууссан. Үүнтэй холбоотойгоор дээрх байршлын 2Ф350 мм-ийн голчтой 0.95 хос.км шугамыг 2Ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөж байна.
Шугам хоолойн засвар, шинэчлэлийн ажилтай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү дээрх байршилд ажиллаж, гүйцэтгэгч компанид 09 дүгээр сарын 15-аас өмнө шугам хоолойн засвар, шинэчлэлийн ажлыг дуусгахыг үүрэг болголоо.
Шугам хоолойн шинэчлэлийн ажил дууссаны дараагаар нийслэлийн Авто замын хөгжлийн газраас дээрх байршилд авто замын хучиж, тохижилтын ажлыг эхлүүлнэ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.