Нийгэм
Нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн дархлаажуулалт эхэллээ

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан томуугийн өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлээс авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулгантай ярилцлаа.
-Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд ямар бодлогыг барьж ажиллаж байна вэ?
-Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан хүүхдүүдийн дунд томуу томуу төст өвчлөл нэмэгддэг. Энэ жилийн онцлогийн тухайд томуугийн дархлаажуулалтыг эрт эхэлж байна. Өнгөрсөн жил 10 дугаар сард нийслэлийн хэмжээнд томуугийн дархлаажуулалт эхэлж байсан бол энэ жил вакцины татан авалтыг эрт хийж наймдугаар сарын 26-ний өдрөөс нийслэлийн зорилтот бүлгийн хүн амд улирлын томуугийн дархлаажуулалтыг хийгээд эхэлсэн байна. Нийслэлийн хэмжээнд нийт 180 мянган тун вакциныг хийнэ. Үүнээс нэн тэргүүнд томуугийн өвчлөлд өртөх эрсдэлтэй, өвчилсний дараа хүндрэх эрсдэл өндөр бүлгүүдэд дархлаажуулалтын вакциныг үнэ төлбөргүй хийнэ. Өнгөрсөн жилийн судалгаанаас харахад томуугаар өвчилсөн нийт иргэдийн 50 гаруй хувийг 0-4 насны хүүхдүүд, 20 гаруй хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байсан. Өөрөөр хэлбэл 70 гаруй хувь нь 0-9 хүртэлх насны хүүхдүүд байгаа учраас бага насны хүүхдүүдийг энэ дархлаажуулалтад хамруулна.
-Ямар улсад үйлдвэрлэгдсэн вакциныг Монгол Улсад оруулж ирдэг вэ? Дархлаажуулалтын ач холбогдлын талаар ярихгүй юу?
-Эрүүл мэндийн яамны захиалгаар НҮБ-ын Хүүхдийн сангаас вакцины худалдан авалтыг зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд БНСУ-д үйлдвэрлэгдсэн “Greencross” гэдэг вакциныг хэрэглэж байна. Энэхүү вакциныг өвлийн улиралтай орнуудад түгээмэл хэрэглэдэг. А хүрээний 2 төрлийн вирус, В хүрээний хоёр төрлийн вирусийн эсрэг вакцин юм. Өөрөөр хэлбэл томуугийн үүсгэгчийг таньж хариу урвал үзүүлэх боломжтой вакцин гэж хэлж болно.
Вакцин нь тухайн вирусээр өвчлүүлэхгүй байх, өвчилсөн тохиолдолд хөнгөн хэлбэрээр өвчлүүлэх дархлаажуулалтын тогтолцоог бүрдүүлж өгдөг ач холбогдолтой. Томуутай холбоотой хийсэн судалгаанаас харахад вакцинд хамрагдсан иргэдийн өвчлөх магадлал 50 хувиар буурч, өвчилсөн тохиолдолд хүндрэх эрсдэл нь 50-иас дээш хувиар буурдаг.
-Томуугийн төрлийн өвчлөл нэмэгддэг өвлийн улиралд хүүхдийн эмнэлэг, тасгийн ор хүрэлцдэггүй тухай иргэд шүүмжилдэг. Энэ жил орны хүрэлцээг нэмэгдүүлж, энэ төрлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд ямар ажил арга хэмжээг авахаар төлөвлөж байна вэ?
-Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын хэмжээнд нийт 800 хүүхдийн ор байдаг. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед орны тоог 2000 хүртэл хүчин чадлыг нэмэгдүүлж ажилладаг. Дархлаажуулалтыг эрт эхэлж буй гол ач холбогдол нь томуугаар өвчилсөн хүүхдүүдийг хэвтэн эмчлүүлэх хэмжээний хүндрэлд өртүүлэхгүй байх явдал юм.
-Бага насны хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй эмнэлгийн байгууллагын боловсон хүчний тоог нэмэгдүүлэх тал дээр ямар бодлого барьж ажиллаж байна вэ?
-Манай салбарт хүний нөөцийн хомсдол, тэр дундаа мэргэшсэн хүний нөөцийн хомсдол үүсээд буй. Эрүүл мэндийн салбарын нийгмийн баталгаа, цалин хөлсний урамшууллыг нэмэгдүүлэх ажил арга хэмжээг тогтмол зохион байгуулж ажиллаж байгаа. Сүүлийн жилүүдэд нийслэлд эрүүл мэндийн байгууллагууд шинээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайлбал өмнө нь Сонгинохайрхан жишиг нэгдсэн эмнэлэг ашиглалтад орсон бол энэ жил Сэлбэ эмнэлэг ашиглалтад ороход бэлэн болсон. Эмнэлгийн тоо нэмэгдэхийн хэрээр тухайн эмнэлэгт ажиллах хүний нөөц бид бэлтгэх шаардлагатай. Тиймээс бид энэ ажилд цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
-Сургууль, цэцэрлэгийн анги танхимыг ариутгаж, халдваргүйжүүлэх ажил ямар шатанд явж байна вэ?
-Боловсролын яам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон бусад холбогдох агентлагийн мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан ажлын хэсэг боловсролын байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг хийдэг. Энэ жил 75 байгууллагад хяналт шалгалтыг явуулахаар төлөвлөөд байна. Сургалтын барилга байгууламж, гал тогооны үйл ажиллагаа, хоол үйлдвэрлэл, анги танхим эрүүл, аюулгүйн байдлыг хангаж байгаа эсэхэд хяналт шалгалтыг хийдэг. Хяналт шалгалтын ажил өнөөдрийн байдлаар 60 орчим хувьтай үргэлжилж байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.