Нийгэм
Карьер сонголтын төслийг энэ хичээлийн жилд багтаан 9-р ангид хэрэгжүүлнэ

Боловсролын сайдын шуурхай хуралдаан болж харьяа байгууллага, газар, хэлтсүүд хэрэгжиж буй ажлуудын үйл явц, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
2024 оны долоодугаар сарын 22-ноос хойш зургаан удаагийн шуурхай хуралдаанаар Боловсролын сайдаас харьяа нэгжүүдэд нийт 53 үүрэг даалгавар өгсөн байна.
Үүнээс 38 нь бүрэн хэрэгжсэн, 15 нь хэрэгжих шатанд буюу 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
Тухайлбал, Багш, удирдах ажилтныг шилжүүлэн ажиллуулах журмын төсөлд Төрийн албаны зөвлөлөөс санал ирүүлмэгц эцэслэн батална. Мөн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг өөрийн үнэлгээнд шилжүүлэхээр журмын төслийг бэлтгэж байна.
Шуурхай хуралдааны төгсгөлд Боловсролын сайд П.Наранбаяр дараах ажлуудыг холбогдох албаныханд даалгав. Үүнд:
-Өөрийн хүсэлтээр шилжин ажиллах багш нар болон 10-аас дээш жил нэг сургуульд ажилласан захирлуудын судалгааг гаргах;
-Карьер сонголтын төслийг энэ хичээлийн жилд багтаан ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангиудад хэрэгжүүлэх, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах;
-Нийгмийн бүх төлөөллийг оролцуулах байдлаар Боловсролын үндэсний зөвлөлийн гишүүдийг шинэчлэн байгуулах судалгааг эхлүүлэх;
-Санхүүгийн сахилга алдаж, багшийг хууль бусаар ажлаас халах зөрчил гаргасан ерөнхий боловсролын сургуулийн захирлыг чөлөөлж, сонгон шалгаруулалтыг яаралтай зарлахыг үүрэг болгов гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.