Нийгэм
Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто зам барина

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын замаас Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто замын ажил үргэлжилж байна.
Энэ байршилд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр газар дээр нь ажиллалаа.
Тэрбээр Нүхтийн ам чиглэлийн зам бол тухайн орчмын оршин суугчдын зорчдог ганц зам болохыг онцлоод иргэдэд хүндрэл үүсгэхгүйгээр товлосон хугацаанд стандартын дагуу чанартай авто зам тавих чиглэл өгөв. Түүнчлэн авто замын ажилтай холбоотой дуусах хугацаа, хийх ажлыг харуулсан дэлгэрэнгүй мэдээлэл бүхий самбарыг иргэдийн зорчих урсгалын хажууд байрлуулахыг гүйцэтгэгчид үүрэг болголоо.
Харин нийслэлийн Замын хөгжлийн газарт тоосжилтыг дарж, өдөр бүр усалгаа хийх хяналт шалгалтыг тогтмол тавих ажил болон зам барих талбайг түрж асгасан барилгын суурь шороог ямар аж ахуйн нэгжийнх болохыг олж тогтоон, тухайн аж ахуйн нэгжээр талбайг чөлөөлүүлэх ажлыг даалгасан юм.
Замын ажлын явцын талаар “Борхойн зам” ХХК-ийн Ерөнхий инженер Г.Арахад “Тухайн зам нь иргэдийн зорчдог гол зам тул эгнээ бүрээр нь зам хаан, авто зам тавих ажлыг хийнэ. Энэ хүрээнд авто замын суурь хучилтыг аравдугаар сарын 10-нд, өнгөн хучилтыг аравдугаар сарын 20-нд хийж дуусгахаар график төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн борооны ус зайлуулах шугам хоолой суурилуулах, авто замын дэргэдэх хөвөөг өнгөн хучилттай зэрэгцүүлж хийсний дараа нэг метр өргөнтэй явган замыг тавьж, арваннэгдүгээр сарын 20-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн” гэлээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.