Нийгэм
Нарангийн энгэрийн хогийн цэгт хий шатаах байгууламж барих төслийн талаар хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар дэлхий нийтэд тулгамдаад буй хог хаягдлыг дахин боловсруулах, хогийн цэгээс ялгарах метан хийг бууруулах асуудлыг хэлэлцлээ.
Тодруулбал, Өнөөдрийн байдлаар нийслэлд гурван төвлөрсөн хогийн цэг байдаг. Нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгаж байна. Тиймээс хог хаягдлыг булж устгах аргаас илүү дэвшилтэт технологийг ашиглан устгах хий шатаах байгууламж барих төслийн тухай талууд хэлэлцсэн юм.
Төслийн талаар Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон “Дэлхий дахинд хог хаягдлыг боловсруулан устгах хоёр төрлийн аргыг түгээмэл ашиглаж байна. Нэгдүгээрт булж устгах, хоёрдугаарт шатаах арга. Булж устгах аргын хувьд метан хийг ихээр ялгаруулдаг. Энэ нь дэлхийн уур амьсгалд сөргөөр нөлөөлж байна. Бидний хувьд эсрэгээрээ гарч байгаа метан хийг шатааснаар хүлэмжийн хийг бууруулна гэж үзэж байгаа юм” хэмээлээ.
Харин нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр хог хаягдлыг боловсруулах нь хотын менежмент, байгаль орчныг хамгаалах чухал хэсэг, ард иргэдийн амин чухал эрх ашигтай ч холбоотой гэдгийг онцлоод энэ чиглэлээр гадаад улсын сайн туршлагаас судлах, хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ.
Хий шатаах байгууламжийн төслийг хэрэгжүүлэхээр хэлэлцэж буй Нарангийн энгэрийн хогийн цэгийг 2009 онд Японы компанийн санхүүжилтээр байгуулсан бөгөөд энэ нь шүүрсэн ус цэвэрлэх системгүй, мембран хучлагагүй энгийн хогийн цэг юм. Тус төвлөрсөн хогийн цэгт гол төлөв Багануур, Багахангай, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдээс хог хүлээн авдаг. Хоногт ирж буй хогийн дундаж хэмжээ 2348 тонн байгаа нь Улаанбаатар хотын хэмжээнд үүсэж буй нийт хогийн 62 орчим хувийг эзэлж байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.