Нийгэм
“Хермес” төвийн төмөр замын нүхэн гарцыг ирэх XI сард ашиглалтад оруулна
Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц байгуулж буй. Үүний нэг болох Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн амралтын өдрөөр нээсэн. Тэгвэл Геологийн төв лабораторийн уулзвар болон “Хермес” төвийн төмөр замын нүхэн гарцын ажлыг ирэх 11 дүгээр сард дуусгахаар төлөвлөж байна.
Энэ талаар “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн захирал У.Баатараас тодрууллаа. Тэрбээр “Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг энэ сарын 14-ны өдөр нээсэн. Харин Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын нүхэн гарцын ажлыг арваннэгдүгээр сард дуусгахаар төлөвлөж байна. Геологийн төв лабораторийн нүхэн гарцын газар чөлөөлөлтийн трасст өөрчлөлт орж батлагдсан учраас шинэ трассын дагуу ажиллана” гэв.
“Хермес” худалдааны төвийн урд талд төмөр зам доогуурх нүхэн гарцын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна. “Улаанбаатар Төмөр Зам” ХНН-ийн суман шилжүүлэгтэй, таван эгнээ төмөр зам уг нүхэн гарцын урд байгаа юм. Ачаа буулгах болон зорчигч тээврийн хөдөлгөөн ихтэй хэсэг. Энэ асуудлыг “Улаанбаатар Төмөр Зам” ХНН-тэй ярилцаж, түлхэх технологи буюу данхраадын тусламжтайгаар нүхэн гарцын бүтээцийг төмөр зам доогуур шургуулж оруулж байна. Энэ технологийг анх удаа нэвтрүүлсэн. Ингэснээр төмөр зам доогуурх гармыг хөдөлгөөнд саад болохгүй, хурдан хугацаанд барьж байна. Мөн “Хермес” төвийн орчимд газраас доош 8 метр ухахад хөрсний ус маш ихээр гарсан. Тиймээс ус зайлуулах насост станцыг уг гарцад суурилуулаад байна гэдгийг гэдгийг “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн захирал У.Баатар хэлж байлаа.
Геологийн төв лаборатори болон “Хермес” төвийн нүхэн гарц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй давхцахгүй болж, түгжрэл тодорхой хэмжээнд буурах юм. Түүнчлэн Геологийн төв лабораторийн уулзварын нүхэн гарцын өндөр нь 4.5 метр, авто замын урт нь 1.48 км байна. Харин “Хермес” төвийн төмөр замын нүхэн гарц 3.5 метр өндөр, 800 метр авто замтай юм.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.