Нийгэм
Нарийн мэргэжлийн эмч нар эх орондоо аутизмын хүрээний эмгэг, нярайн зүрхний хэм алдалт өвчний оношилгоо, эмчилгээг нутагшуулахаар Турк, Энэтхэг улсыг зорих гэж байна
Шинэчлэн баталсан жагсаалтаар Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй 26 өвчин бий. Эдгээр өвчний оношилгоо, эмчилгээг эх орондоо нутагшуулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнгөрсөн наймдугаар сард шийдвэр гаргаж, дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд тухайн чиглэлээр тэргүүлдэг эмнэлэг, их сургуульд 13 үндэсний багийг энэ ондоо багтаан чадавхжуулахаар шийдвэрлэсэн.
Энэ шийдвэрийн дагуу энэ 7 хоногоос эхний эмч нарын баг сургалтдаа хамрагдахаар Турк, Энэтхэг улс руу зорих гэж байна. Эдгээр эмч нар Аутизмын хүрээний эмгэг, Хүүхдийн зүрхний хэм алдалт өвчний оношилгоо, эмчилгээг эх орондоо нэвтрүүлэх юм.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Турк, Энэтхэг улс руу явж буй эмч нарын багтай уулзалт хийж, хариуцлагын гэрээ байгууллаа. Энэ үеэр Сайд “Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбар гадаад сургалтад хэдэн тэрбум төгрөг зарсан. Гэвч эмнэлгийн тусламж үйлчилгээ тэр хэрээр сайжирсан уу гэвэл, үгүй. Энэ жил монголд эмчлэх боломжгүй өвчний оношилгоо, эмчилгээг эх орондоо нутагшуулах зорилгоор 13 эмч нарын багийг гадаадад суралцуулахаар төлөвлөсөн. Багагүй хэмжээний хөрөнгө зарцуулагдаж байгаа. Аливаа зүйлд бид хариуцлагатай хандах ёстой.
Дээрх бүх багуудтай явахаас нь өмнө хариуцлагын гэрээ байгуулж, юу сурч мэдэх ёстой вэ гэдгийг нь тодорхойлж өгч байна. Тиймээс олдсон цаг хугацаагаа зөв ашиглаж, аль болох ихийг сурч мэдээрэй, ирээд сурсан мэдсэнээ богино хугацаанд эмчилгээндээ нэвтрүүлж, нутагшуулаарай гэж захья. Нэг зүйлийг онцолж хэлье. Эмч, эмнэлгийн байгууллагын харилцаа хандлагаас болж салбарын нэр хүнд унаж байгаа асуудал бий. Тиймээс энэ тал дээр анхаарч, үлгэр жишээ ажиллаарай гэдгийг уулзсан дээрээ дуулгая” гэлээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.