Нийгэм
Нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 27-нд нутгийн зарим газраар, 28-29-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, хүйтэрч, салхи шуургатай байна.
Иймд зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа ногоо цасанд дарагдах, ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
-Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол хүлээн авах,
-Хол, ойрын замд гарахдаа сонор сэрэмжтэй байх,
-Автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахуун, хүнсний нөөц, дулаан хувцастай явах,
-Хязгаарлагдмал орчинд шөнө оройн цагаар хол, ойрын замд гарахгүй байх,
-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр ганцааранг нь үлдээхгүй байх,
-Тариа, ногоогоо хайрагдах аюулаас хамгаалж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.