Нийгэм
БЗД-ийн VII хороонд 100 ортой цэцэрлэг барина
Улаанбаатар хотын замбараагүй газар олголтыг цэгцэлж, зөвшөөрөлгүй болон иргэдийн амьдрах орчин нөхцөлд саад учруулж байгаа гарааш, хайс, хашлагыг үе шаттай буулгаж байна.
Эдгээр ажлын хүрээнд Хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өчигдөр Баянзүрх дүүрэгт ажиллалаа.
Энэ үеэр тус дүүргийн 36 дугаар хороо, Сүмбэр орд орчимд зөвшөөрөлгүй барьсан гарааш, хайсыг буулгаж, чөлөөлсөн газарт 640 хүүхдийн сургууль барихыг үүрэг болгов. Мөн тус хорооны өрхийн эмнэлэг түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс газрын асуудлыг шийдвэрлэж, хороо, өрхийн эмнэлгийн шинэ цогцолбор барина гэв.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн 25, 43 дугаар хороонд газар чөлөөлөх асуудлыг шийдвэрлэж, орц, гарц нээж, Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн түшиц хана барих ажлыг эрчимжүүлэхийг албаны хүмүүст даалгалаа. Дээрх хороодын хөрсний усны бохирдлыг шийдэх хэрэгтэйг мөн хэлэв. “Зогсоол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдийн амьдрах нөхцөлд саад учруулж буй газруудыг чөлөөлж зогсоол, ногоон байгууламж барих хэрэгтэй гэлээ.
Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөө орчимд орц, гарц муутай, шигүү барилгууд дунд 12 давхар орон сууц барьж байгаатай танилцаж, ажлыг түр зогсоолоо. Цаашид барилга хоорондын стандартыг мөрдүүлж, шигүү барилгууд дунд орон сууц барих зөвшөөрөл олгохгүй байхыг анхаарууллаа. Иргэдийн ая, тухтай байдлыг хангахын тулд хотын ажил явах ёстойг хотын дарга Х.Нямбаатар хэллээ. Үргэлжлүүлэн тэрбээр “Баянзүрх дүүргийн Сансарын үйлчилгээний төвийг жишиг төв болгоно. Иргэд оршин суугаа бүсдээ аливаа үйлчилгээг 20 минутад авдаг стандарт руу чиглэх ёстой. Иргэдийн мэдэхээр Сансарын тунель орчмыг бүхэлд нь тохижуулж, ногоон байгууламж, төр, ахуйн үйлчилгээг цогцоор нэвтрүүлсэн төсөл хэрэгжүүлнэ. Иргэд зарим үйлчилгээг авахаар хотын нэг захаас нөгөө зах руу явах шаардлагагүй болно” гэдгийг хэллээ.
Тус дүүргийн 7 дугаар хорооны Засаг дарга Б.Их-Амгаланд тус хорооны хуучин гарааш буулгасан газар дээр хүүхдийн 100 ортой цэцэрлэг байгуулах зөвшөөрлийг өглөө. “Сэлбэ дэд төв” төслийн хүрээнд 12 мянган айлын орон сууц барихаар эхний хоёр багц тендерийг нээсэн. Энэ төслийн хүрээн дэх газар чөлөөлөлтийн ажил Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны Дарь-Эхийн зам, Сэлбийн дундах халиа дошин ихтэй айлуудын газарт мөн хамаарч байгаа. Тухайн орчмын айлуудын газрыг байраар солих батламжийг гардуулж, хэлцэл хийх ажлыг эхлүүлнэ. Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороонд Туулын хурдны зам, Тойрог хурдны зам гэсэн төслүүд хэрэгжихээр айлууд газар чөлөөлөлтөд орно” гэдгийг хотын дарга Х.Нямбаатар хэлж байв. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны “Ганцын задгай”-д газрын гэрчилгээгүй айлуудын гэрчилгээг нийслэлээс олгоод удаагүй байгаа хэдий ч айлуудын цахилгааны асуудлыг шийдвэрлэж өгөхийг хотын дарга Х.Нямбаатар үүрэг болгосон юм.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.