Нийгэм
Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто зам, гүүрийн зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
Наадамчдын гудамж буюу Яармагийн “Номин” дэлгүүрээс Эрчим хүчний гудамжны “ТЭЦ-IV”-ийн замтай холбосон зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай зам, гүүрэн байгууламжийн зорчих хөдөлгөөнийг өнөөдөр 14 цагт нээнэ.
Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.
2022 онд тус гүүрний бүтээн байгуулалт, 2023 оны наймдугаар сард авто замын ажил эхэлж байсан бол өнөөдөр ийнхүү зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ. Үргэлжлүүлэн явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлгийн ажлыг энэ онд багтаан дуусгана. Тус зам, гүүрэн байгууламж нь Яармагийн авто замаас “ТЭЦ-IV”-ийн авто зам хүртэл 2,84 км урттай.
Хотын дарга Х.Нямбаатар “Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох гудамж замын нэгдүгээр хэсэг, Геологийн төв лабораторийн төмөр замын нүхэн гарц, Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох гудамж замын хоёрдугаар хэсэг, Яармагийн шинэ зам зэрэг гол замуудыг 2027 он хүртэл 4 үе шаттай барина. Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох гудамж замын эхний хэсэг нь өнөөдөр хөдөлгөөн нээж буй уг гүүрэн байгууламж, зам юм. Үргэлжлүүлэн Эрчим хүчний гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл авто замыг барина. Тус авто зам Эрчим хүчний гудамжтай огтлолцох бөгөөд 6 эгнээ асфальт бетон хучилттай 1.6 орчим км авто зам байхаар төлөвлөсөн. Одоогоор ТЭЗҮ-г боловсруулж дууссан, зам барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Яармагаас хотын төвийг чиглэж, оргил цагт 16 мянган автомашин зорчдог. Тэгвэл дээрх дөрвөн дэд бүтцийн төсөл хэрэгжсэнээр Яармаг орчмын суурьшлын бүсээс хотын төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал хоёр дахин багасна” гэв.
Ийнхүү 2,84 км үргэлжилсэн авто зам, гүүрэн байгууламжийг барихад дараах ажлуудыг гүйцэтгэлээ.
- Замын зурваст өртсөн 13 нэгж талбарыг чөлөөлсөн,
- 37.000 шоо метр хөрс хуулалт хийсэн,
- 350.000 шоо метр далангийн дүүргэлт байгуулсан,
- Даланд 2 үе даацын гео тор дэвссэн,
- 8000 метр чулуун хашлага суурилуулсан,
- 20000 шоо метр буталсан чулуун суурь байгуулсан,
- 3 цэгт 8 ширхэг 800мм-1000мм голчтой дулааны шугамыг шинэчилж, нэвтрэх сувагт оруулсан.
- 510 урт метр цэвэр усны шугамыг нэвтрэх сувагт оруулсан юм.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.