Нийгэм
Батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Багануур дүүрэгт 5 га талбайд 50 мВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг барьж буй юм. Тус станцыг ирэх 11 дүгээр сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна.
Станцыг барьснаар эрчим хүчний өвлийн оргил ачааллын үед хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг тасалдуулахгүй байх, байгаль орчинд ээлтэй буюу хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч “Нүүрсээр ажилладаг станц 24/7 асаалттай байдаг. Тухайлбал, ДЦС-4 нь хэрэглээ багатай шөнийн цагт эрчим хүч үйлдвэрлэж хий алдаад, орой 5-9 цагийн оргил ачаалалтай үед ачааллаа дийлэхгүй тохиолдол гардаг. Тиймээс Батарей хураагуурын станц ашиглалтад орсноор шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хураагаад, өдөр оргил ачааллын үед буцаан төвийн системд нийлүүлэх тохируулгын системтэй болно гэсэн үг юм. Цаашид, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бий болгож, батарей хураагуурын станцтай холбохоор төлөвлөж байна” гэлээ.
Тус станцын барилгыг БНХАУ-ын “Энвижн” компани гүйцэтгэхээр болж, энэ сарын эхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Туслан гүйцэтгэгчээр дотоодын “Монхорус Интернэшнл” компани ажиллаж байна. БНХАУ-ын “Энвижн”компанийн олон улсын төслийн захирал Ховард Жин “Манай компани нь сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, салхин сэнс, эрчим хүчний хуримтлуур буюу батарей үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаниудын нэг юм. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хэрэгжүүлж буй Багануурын дэд станцын дэргэдэх 50 мв/200мв.ц-ын хүчин чадалтай эрчим хүчний хуримтлуур станцын бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Бид өвлийн эрчим хүчний оргил ачааллын өмнө энэхүү станцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна” гэв.
Батарей хуримтлуурын станцыг барих ажлын хүрээнд батарей станц, дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам, багануур дэд станцын өргөтгөлийн ажил тус тус хийнэ.
Мөн одоогоор Монгол Улсын хилээр эрчим хүчний хуримтлуур батарейны эхний хэсэг нь орж ирээд байгаа бөгөөд удахгүй суурилуулалтын ажлыг хийх юм.
Батарей хураагуурын станц нь бусад сэргээгдэх эрчим хүчний станцуудтай харьцуулахад богино хугацаанд суурилуулах боломжтой байдаг. Үүнээс гадна засвар, үйлчилгээг тогтмол хугацаанд хийснээр батарейн станц нь 20-оос дээш жил ажиллах бүрэн боломжтой юм байна.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.