Нийгэм
Метро барих техникийн тодорхойлолтыг баталж, Тендерийн үнэлгээний хороонд шилжүүллээ

Энэ онд Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж, БНСУ-ын “Духуа инженеринг” компанийн түншлэл шалгарсан.
Тэгвэл аравдугаар сарын 3-нд метро барих барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатыг зарлана.
Энэ хүрээнд өнөөдөр ажлын хэсгийн хуралдаан болж, метроны техникийн тодорхойлолтыг Тендерийн үнэлгээний хороонд шилжүүлээд байна.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч “Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн зөвлөх үйлчилгээг Солонгосын Сөүл хотын метрог барьсан “Духуа инженеринг” ХК үзүүлж байна. Метро барих төслийн ажлын хэсгийн хуралдаанаар техникийн тодорхойлолтыг баталж, Тендерийн үнэлгээний хороо руу шилжүүллээ. Ингэснээр аравдугаар сарын 3-нд барилга угсралтын эхний шатны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна” гэсэн юм.
Улаанбаатар хотын метро Толгойтоос Амгалан хүртэл 18 орчим км үргэлжлэх бөгөөд 14 зогсоолтой. Зогсоол хоорондын зай 1.3 км. Цагт 17500 зорчигч тээвэрлэнэ. Нийт аяллын хугацаа 27 минут байхаар төлөвлөгдсөн. Мөн ил, далд инженерийн байгууламжууд хийж, метроны 14 зогсоолыг худалдаа, үйлчилгээний цэг байдлаар хөгжүүлэх эхний ээлжийн техникийн тодорхойлолтыг гаргажээ. Улмаар барилга угсралтын ажлыг 2025 онд эхлүүлэх юм.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.