Нийгэм
Төв талбайд жуулчны мэдээлэл сурталчилгааны төвийг шинээр нээлээ
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гадаад, дотоодын иргэд, жуулчдад хэрэгцээт мэдээлэл, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх зорилгоор жуулчны мэдээлэл сурталчилгааны төвүүдийг үе шаттайгаар нэмэгдүүлж байна.
Энэ хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд “Жуулчны мэдээллийн төв”-ийг шинээр нээн ажиллуулж эхэллээ. Тус мэдээллийн төвийн байгууламж гаднаа бөмбөрцөг дугуй хэлбэр бүхий орчин үеийн шийдэлтэй, 4 улирлын турш ашиглаж болох дулааны алдагдал багатай, эрчим хүчний хэмнэлттэй зөөврийн байгууламж бөгөөд үндэсний онцлогийг тусгасан байхаар төлөвлөж “Орд гэр” ХХК-тай хамтран угсармал модон араг бүтэцтэйгээр байгуулсан.
Жуулчны мэдээлэл сурталчилгааны төв нь анх 2013 оны долоодугаар сарын 5-ны өдөр эхний салбарынхаа үйл ажиллагааг эхлүүлж байсан бол өнөөдөр байнгын үйл ажиллагаатай 3, улирлын чанартай 3, ХБНГУ-д нэг нийт 7 салбартай ажиллаж байна. Жил ирэх тусам жуулчдын тоо ихсэж байгаатай холбоотойгоор чанартай үйлчилгээг түргэн шуурхай хүргэхээр зорьжээ.
Улаанбаатар хотын хэмжээнд 2022 онд 6 байршилд “Жуулчны мэдээллийн төв” ажиллуулж 15 мянган хүнд, 2023 онд 7 байршилд 16,950 хүнд , 2024 онд 7 байршилд ажиллуулж 3 дугаар улирлын байдлаар 16,180 хүнд үйлчилжээ. Нийт 48,130 гадаад, дотоодын иргэд, жуулчдад мэдээлэл, зөвлөгөө өгч, үйлчилгээ үзүүллээ.
Дээрх мэдээллийн төвүүдээр дамжуулан гадаадын жуулчид дараах үйлчилгээг авах боломжтой
- Хот орчимд аялах маршрут
- Хотод үзэж сонирхох газрын мэдээлэл
- Нэг өдрийн хотын аялал
- Нийтийн тээврийн маршрут /Нисэх онгоцны буудлаас хот руу орох/
- Орон нутгийн нийтийн тээврийн маршрут, ажиллах цагийн хуваарь, байршил
- Валют арилжааны газруудын байршил, ажиллах цагийн хуваарь
- Улаанбаатар хотын үзвэр, үйлчилгээний газруудын мэдээлэл, байршил, ажиллах цагийн хуваарь
- Улаанбаатар хотын томоохон худалдааны төвүүдийн байршил, ажиллах цагийн хуваарь
- Нисэх буудал, гадаад дотоодын нислэгтэй холбоотой мэдээлэл
- Татваргүй бараа худалдан авсны дараах буцаан олголтыг хэрхэн авах зааварчилгаа, барааны жагсаалт
- Зочид буудал, дэн буудал, guest house-уудын байршил, үнийн мэдээлэл, утасны дугаар
- Жуулчны бааз, амралтын газруудын байршил, ажиллах цагийн хуваарь, үнийн мэдээлэл
- Эвент арга хэмжээний мэдээлэл
- Аялал жуулчлалын газруудын мэдээлэл, ажиллах цагийн хуваарь, утасны дугаар
- Орон нутгийн аялал жуулчлалын байгууллагуудын мэдээлэл, утасны дугаар
- Үүрэн телефоны газруудын байршил, дата сим авах боломжтой газруудын байршил, ажиллах цагийн хуваарь
- Такси үйлчилгээний байгууллагуудын мэдээлэл, лавлах утасны дугаар
- Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлэл, утасны дугаар
- Яаралтай үед холбогдох газруудын мэдээлэл, утасны дугаар
- Жуулчдын ашиглаж болох аппликейшнууд зэрэг мэдээллийг өгөх юм.
Дотоодын иргэдэд үзүүлэх нэмэлт мэдээлэл:
- Төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн мэдээлэл байршил
- Е-mongolia ашиглах зааварчилгаа
- Мэдээллийн лавлах утасны жагсаалт,
- Үйл ажиллагааны зөвшөөрөл сунгах талаар мэдээлэл өгөх юм.
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.