Нийгэм
Эрүүл мэндийн сайд “11-11 төв”-д сар бүр ажиллана
Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв”-д өнгөрсөн аравдугаар сард эрүүл мэндийн салбартай холбоотой нийт 463 өргөдөл, гомдол, санал хүсэлт ирсний 52.4 хувь нь эмнэлгийн тусламж үйлчилгээ, 37.5 хувь нь эмийн жортой холбоотой санал, гомдол эзэлж байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өчигдөр тус төвд ажиллаж, иргэдтэй биечлэн уулзаж, санал хүсэлтийг нь шийдвэрлэлээ.
Мөн 11-11 утсаар эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой асуудлаар хандсан иргэдтэй Эрүүл мэндийн яамны болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн удирдлагууд шууд холбогдон асуудлыг нь шийдвэрлэх арга хэмжээг авлаа.
Иргэдээс гаргаж байгаа гомдлын дийлэнх хувийг эзэлж байгаа эмийг жороор түгээхтэй холбоотой асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тодорхой тайлбар мэдээллийг өглөө.
Тодруулбал, Монгол Улс 2021 оноос эхлээд хөнгөлөлттэй эмийн жорыг цахим хэлбэрээр бичиж, эмийн сан иргэнд олгодог тогтолцоог нэвтрүүлж, ашиглаж хэвшсэн байсан бөгөөд энгийн эмийг худалдан авахад цахим систем ашиглагддаггүй байсан. Учир нь Монгол Улсад бүртгэлтэй 2500 эмийн сангаас 1100 орчим эмийн сан нь цахим жорын программ хангамжгүй байсантай холбоотой.
Түүнчлэн манай улсад эмчийн хяналтад хэрэглэх эмийг жоргүйгээр, дур мэдэн эм авч ууснаас үүдэн амь насаа алдсан тохиолдол цөөнгүй байна. Иймд зайлшгүй эмчийн хяналтын дор жортой олгохоор үйлдвэрлэгчээс тавигдсан шаардлагыг биелүүлдэг тогтолцоонд шилжих шаардлага байгааг үндэслэн эмийн жорын программ хангамжийг өргөтгөснөөр эмч нар ямар ч төрлийн эмийг цахимаар бичих боломжийг бүрдүүллээ.
Ямар эмийг, ямар тунгаар, хэдий хугацаанд уух ёстой гэдгийг эмч тухайн иргэнийг үзэж байж шийддэг төдийгүй иргэн болон эмчийн хариуцлага хоёр талдаа яригддаг асуудал. Энэ асуудлын талаар ард иргэд, эмнэлгийн мэргэжилтнүүд нэгдсэн ойлголтод хүрч, хэрэгжилтийг хангаснаар Монгол Улсын эмийн чанар аюулгүй байдал, зохистой хэрэглээ, нөөцийн мэдээлэл ил тод болно гэдгийг онцлов.
Хэрэв төр, хувийн хэвшлийн аль ч байгууллагын эмч цахим эмийн жор бичихгүй байх болон эмийн сантай холбоотой асуудлаар 119 дугаарт хандаж, шийдвэрлүүлэх боломжтой болсныг тодотголоо.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх гомдлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв”-д сар бүр ажиллаж, санал хүсэлтийг хүлээн авч, иргэдтэй уулзаж байхаар шийдвэрлэв.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.