Улс төр
БСШУСБХ: Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2024 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай болон Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Тогтоолын төслүүдтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асуулаа. Тухайлбал, эхний хэлэлцэж буй тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Галбадрах асуулт асуув.
Тэрбээр, сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцын талаар бүрэн мэдээлэл авахыг хүслээ. Боловсролын сайд П.Наранбаяр, энэхүү төсөл 4 үе шаттай хэрэгжиж 796 ариун цэврийн байгууламж барихаар төсөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар 506 ариун цэврийн байгууламжийг бүрэн барьж дуусгасан. Төсөл 2025 оны 6 дугаар сард бүрэн дуусахаар төлөвлөж байна гээд энэхүү төслийн хөрөнгө, санхүү зэрэг мэдээллийг түүнд бичгээр хүргүүлэхээр боллоо. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр батлав.
Түүний дараа Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд хэлэлцүүлэг өрнүүлэв. УИХ-ын гишүүн М.Сарнай Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгоход ажлын хэсэг хэрхэн ажиллах талаар тодруулахад дээрх ажлын хэсгийг ахлан ажиллаж буй УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, өнгөрсөн хугацаанд гарсан зөрчил дутагдлын талаар мэргэжлийн болон хууль, хяналтын байгууллагын дүгнэлтийг авч үзэх, цаашид олон нийтэд ил тод болгохын тулд эцэг, эхчүүдийн саналыг сонсох зэргээр удирдамжид заасны дагуу ажиллана гээд Ажлын хэсгийн эцсийн зорилго нь зээлийн санг шударгаар зарцуулах жишиг тогтооход чиглэнэ гэв.
УИХ-ын гишүүн Ч.Ундрамын тавьсан Боловсролын сангийн зээлээр урианхай, тува, цаатан иргэдийг суралцуулахад өнгөрсөн жил 4 тэрбум, энэ жил 4,5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Энэ зээл эдгээр хүмүүст хэрхэн олгогддог вэ гэсэн асуултад Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийн дагуу үндэстний цөөнхийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж буйг дурдаад, Боловсролын зээлийн сангаас 2021 оноос үндэстний цөөнх болох тува, цаатан суралцагчдад зээл олгож байсан бол 2024 оноос урианхай иргэдийг хамруулахаар нэмсэн гэлээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар нийт 18-30 насны 5 мянган урианхай иргэдээс 32-ыг нь суралцуулахаар болсон гэдгийг тэрбээр тодотголоо. Асуулт, хариулт өндөрлөсний дараа Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг санал хураалтад оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж, батлав гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
“Төр улсыг засах тухай” номын II ботид эдийн засгийн шинэ хандлага, хөгжлийн шинэ үзэл баримтлал, ядуурлыг бууруулах бодлогын нарийвчилсан арга хэмжээг тодорхойлжээ
М.ДАВАА
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний бичсэн “Төр улсыг засах тухай” номын хоёр дахь боть, “Ядуурлыг бууруулах тухай хэлсэн үгсийн түүвэр” монгол хэвлэлийн нээлтийн ёслол Гадаад харилцааны яаманд боллоо. Мэдээж тэрбум гаруй хүнтэй том улсыг удирдана гэдэг тийм ч амар биш байх. Сүүлийн жилүүдэд хятад улс ядуурлаас гарах үйл ажиллагааны үр дүнд найман зуун сая хүнээ ядуурлаас гаргасан гэх. Ши Жиньпинийг гол цөм болгосон ХКН-ын Төв Хороо бүх Хятадын олон үндэстэн ард түмнийг эв нэгдэлтэй удирдан жолоодож, Хятадын мөрөөдлийг хэрэгжүүлэх явдлыг тойрон Хятадын онцлогтой социализмыг баримтлан хөгжүүлж, өнөөдөр шинэ эрин үедээ ороод байгаа юм байна. Ши Жиньпин бол шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааны гол үндэслэгч мөн. Түүний зохиолын II ботид 2014 оны наймдугаар сарын 18-ны өдрөөс есдүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны гол бүтээлүүд, хэлсэн үг, яриа, илтгэл, заавар, баярын илгээлт зэрэг 99 зүйл багтжээ. Номыг 17 тусгай бүлэг болгон хувааж, бүлэг тус бүрийн агуулгыг цаг хугацааны дарааллаар оруулжээ. Уншигчдад дөхөм болгохын тулд шаардлагатай тайлбарыг хийж, бүлгийн төгсгөлд хавсаргажээ. Ши Жиньпин дарга энэхүү бүтээлдээ эдийн засгийн шинэ хандлага, хөгжлийн шинэ үзэл баримтлал, ядуурлыг бууруулах бодлогын нарийвчилсан арга хэмжээ болон үзэсгэлэнт Хятад улсыг бүтээн байгуулах алсын харааг тодорхойлон дэвшүүлжээ. Эдгээр санаанууд нь шинэ эрин үеийн Хятадын хөгжлийн чиглэлийг заасан аж. Өнөөдөр Хятад улс чанарын өндөр хөгжилд хүрч, эдийн засгийн шинэ эрч хүчийг бий болгож, туйлын ядуурлыг арилган, нийтээрээ дэвжих хөгжлийн замд баттай алхаж, экологийн соёл иргэншлийн гайхалтай амжилтыг үзүүлж байгаа тухай бичжээ.
Номын нээлтийн үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаний хэлсэн үгийг хүргэж байна.
Шэнь Миньжуань: Хятад, Монгол хоёр улс зөвхөн газар зүйн хувьд ойрхон төдийгүй үзэл баримтлал, хөгжил дэвшлийн хандлагаараа ч нягт холбоотой
“Эрхэм хүндэт Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа,
Эрхэм хүндэт Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал,
Эрхэм хүндэт Мө Гао-и дэд сайд,
Эрхэм хүндэт Дү Жаньюань дарга,
Хатагтай ноёд, анд нөхөд өө,
Өнөөдрийн энэхүү нээлтийн арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна. Монгол Улсад ирснээс хойш жил гаруй хугацаанд би монгол нөхдийнхөө хамгийн их дурсан ярьдаг хоёр зүйлийг сонсож байлаа:
Эхнийх нь 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Монгол Улсад хийсэн төрийн айлчлал, түүний Улсын Их Хуралд хэлсэн чухал үг, нөгөө нь “Ши Жиньпин: Төр улсыг засах тухай” ном юм.
Монгол найзууд маань энэ номд өгүүлсэн санаа, үзэл баримтлалуудтай санаа бодол нэгдэж, тэдгээрээс их урам зориг авсан тухайгаа ярьдаг. Энэ нь Хятад, Монгол хоёр улс зөвхөн газар зүйн хувьд ойрхон төдийгүй үзэл баримтлал, хөгжил дэвшлийн хандлагаараа ч нягт холбоотой болохыг харуулж байна.
Таван жилийн дараа “Ши Жиньпин: Төр улсыг засах тухай” номын II боть болон “Ши Жиньпин: Ядуурлыг бууруулах тухай хэлсэн үгсийн түүвэр” номын кирилл монгол хувилбар уншигчдад хүрч байгаа нь бахархалтай үйл явдал юм. Энэ нь БНХАУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойтой давхцаж, хоёр улсын ойн баярын үйл ажиллагааг өндөрлүүлж байгаа төдийгүй улс төр, засаглалын туршлага солилцоход чухал ач холбогдолтой хөтөч болж байна. Монголд ажиллаж буй туршлагадаа тулгуурлан, эл хоёр номын агуулгыг гүнзгий ойлгож, монгол уншигчдын дунд шинэ сонирхолтой хэлэлцүүлэг өрнөхийг итгэлтэйгээр хүлээж байна.
Дарга Ши Жиньпин энэхүү бүтээлдээ эдийн засгийн шинэ хандлага, хөгжлийн шинэ үзэл баримтлал, ядуурлыг бууруулах бодлогын нарийвчилсан арга хэмжээ болон үзэсгэлэнт Хятад улсыг бүтээн байгуулах алсын харааг тодорхойлон дэвшүүлсэн. Эдгээр санаанууд нь шинэ эрин үеийн Хятадын хөгжлийн чиглэлийг заасан юм. Өнөөдөр Хятад улс чанарын өндөр хөгжилд хүрч, эдийн засгийн шинэ эрч хүчийг бий болгож, туйлын ядуурлыг арилган, нийтээрээ дэвжих хөгжлийн замд баттай алхаж, экологийн соёл иргэншлийн гайхалтай амжилтыг үзүүлж байна.
Саяхан би Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайдын хамт Хятадын Шанхайд болсон олон улсын импортын экспо болон Ханжөү хотод хийсэн айлчлалд оролцсон. Энэ нь Монгол Улсын шинэ Засгийн газар, Улсын Их Хурал байгуулагдсанаас хойших анхны өндөр түвшний төлөөлөгчдийн айлчлал байлаа. Төлөөлөгчид Шанхайд өндөр түвшинд гадаадад нээлттэй хөгжиж буйтай танилцаж, Ханжөү хотод Хятадын хамгийн урт хот хоорондын туннел болон үзэсгэлэнт Чяньтан мөрний гүүрийг үзэж, шинэ хөгжлийн үзэл баримтлалын практик хэрэглээ, нийтээр дэвших хөгжил, үзэсгэлэнт Хятадын дүр төрхийг газар дээр нь очиж танилцсан юм. Энэ бүхэн нь Хятадын хөгжлийн ололтууд болон дэлхий нийтэд өгч буй шинэ боломжуудыг харуулсан гайхалтай үйл явдал байлаа.
Монгол Улс гурван намын нэгдсэн Засгийн газар, Улсын Их Хурлыг түүхэн дэх хамгийн том бүтэц бүрэлдэхүүнтэй байгуулж, “Хурдтай хөгжлийн шийдэл” хэлэлцээр, шинэ хоршоолол, бүс нутгийн хөгжлийн хөтөлбөр зэрэг олон шинэ санаачилга гарган хэрэгжүүлж байна. Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайд хиймэл оюун ухаан, ногоон хөгжил, хүний нөөц гэсэн “Гурван шилжилт”-ийг хэрэгжүүлэх зорилтыг тавьж, чанартай хөгжил, бүс нутгийн ялгааг багасгах, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах чиглэлд анхаарлаа хандуулж байна.
Шинэ Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 14 том төслийн дийлэнхэд нь Хятад улс оролцож байгаа бөгөөд энэ нь хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй болохыг харуулж байна. Энэ бүхэн нь Хятад, Монгол хоёр улс хөгжлийн үзэл баримтлал, хувь заяаны нягт холбоотойг дахин баталж байгаа хэрэг юм. Хятадын хөтөлбөр, ухаалаг шийдлүүд нь Монгол Улсын хөгжилд шинэ санаа, эрч хүч, хүчтэй итгэлийг өгөх төдийгүй хамтдаа илүү сайн, илүү нийтийн хөгжил цэцэглэлтэд хүргэх болно гэдэгт итгэлтэй байна.
Эдгээр хоёр бүтээлийг уншиж, харилцан туршлага судлахыг хүсэж байна. Мөн “Ши Жиньпин: Төр улсыг засах тухай” номын III, IV ботийг кирилл монгол хувилбараар уншигчдад хүргэх өдрийг тэсэн ядан хүлээж байна. Эцэст нь эдгээр бүтээлийг орчуулах, хэвлэн гаргах үйлсэд хүчин зүтгэсэн ажлын багийнханд болон Монгол, Хятадын найрамдалт хамтын ажиллагааг дэмжиж буй бүх салбарын хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Баярлалаа.
Х.Булгантуяа: БНХАУ-ын дарга Ши Жиньпин өөрийн эдгээр бүтээлээрээ дамжуулан гурван чухал үзэл санааг дэлхийн дахинаа түгээж буй
/УИХ-ын дэд дарга/
Хятад улс сүүлийн З0 гаруй жилийн хугацаанд 800 орчим сая иргэнээ ядуурлаас ангижруулснаар дэлхийн ядуурлыг бууруулах үйл явцад томоохон хувь нэмэр оруулаад байна.
“Ши Жиньпин: Төр улсыг засах тухай”, “Ши Жиньпин: Ядуурлыг бууруулах тухай хэлсэн үгсийн түүвэр” ном нь дээрх амжилтад хүрсэн. Хятад улсын сайн туршлагыг дэлхийн нийтэд танилцуулж буйгаараа чухал юм. Өнгөрснөө сайтар эргэцүүлж, өөрийгөө бусадтай харьцуулж, ирээдүйгээ тод харж байж, бид хаанаас ирсэн, хаашаа явж байгаа зэрэг олон асуултад хариупт олж чадна гэж Ши Жиньпин дарга өгүүлсэн нь бий. БНХАУ-ын дарга Ши Жиньпин өөрийн эдгээр бүтээлээрээ дамжуулан гурван чухал үзэл санааг дэлхийн дахинаа түгээж буй гэж үзэж байна.
1.Улс орон бүр өөрийн онцлог давуу тал, боломжид тулуурлан өөрт тохирсон хөгжлийн замаар замнах ёстой. Тиймээс ч дэлхийн улс орнууд хөгжлийн замаа сонгож, ялгаатай соёл иргэншлээ харилцан хүндэтэх хэрэгтэй.
2.Тогтуун ус удаан байвал бохирддогийн адилаар өөрчлөлт шинэчлэлтийг тууштай хэрэгжүүлэх нь хөгжиж дэвших чухал үйл хэрэг юм.
- Улс орнууд хүн төвтэй бодлого хэрэгжүүлэх, хүн амынхаа амьдралыг сайжруулж байх нь засаглалын амин сүнс хэмээн онцолсон.
Эдүгээ “Ши Жиньпин : Төр улсыг засах тухай номын IV боть хэвлэгдэн гараад буй бөгөөд англи, орос, франц, итали, монгол хэлээр хөрвүүлэн дэлхийн 170 гаруй улс, бус нутагт уншигчдын хуртээл болж байна. Уг ном Хятадын хөгжлийн амжилт хөдөлгөгч хүч хэтийн төлөвийн талаар ойлгох цонх, мэдээллийн сүлжээний гүүр болж буйд баяртай байна.
Уг номын орчуулгын багийн ахлагч, хятад судлаач С.Чимэдцэеэгийн сэтгэгдлийг хүргэе.
М.Чимэдцэеэ: Манай улсын хувьд энэ номоос хятадын төрийн бодлогыг таньж мэдэх цаашид эрчимтэй хөгжүүлэхэд энэ ном маш чухал үүрэгтэй
-Энэхүү номын утга агуулга маш өргөн хүрээтэй, хятадын даргын хэлсэн үг, илтгэл, тавьсан лекц яриа, уулзалт, өгсөн зааварчилга гээд бүгд багтана. Товчлоод яривал дэлхий ертөнцийн хөгжил, цэцэглэлт, улс орнуудын эв найрамдалтай зэрэгцэн орших, олон соёл иргэншил зэрэгцэн орших, мөн дэлхийн ногоон хөгжлийн тухай уг номд маш тодорхой, өргөн хүрээтэй дурдсан байгаа. Манай улсын хувьд энэ номоос хятадын төрийн бодлогыг таньж мэдэх мөн хятад улстай харилцах хөрш орнуудын бодлогыг цаашид улам сайн сайхан, эрчимтэй хөгжүүлэхэд энэ ном маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна. Яагаад гэвэл энэ номд хятад ард улсын хөрш орнуудтай харилцах бодлого тусгагдсан байгаа. Хөрш орнууд ер нь ямар бодлого явуулдаг вэ мөн том гүрнүүдтэй ямар бодлого баримтлах вэ, хөгжиж байгаа орнуудтай хэрхэн харилцах вэ, дэлхий ертөнцтэй хэрхэн харилцах вэ гээд бүгд энэ номд багтсан бөгөөд маш өргөн агуулгатай ном юм.
Монголын шилдэг орчуулагчдаас бүрдсэн орчуулгын баг байдаг. Миний бие ахлан ажилладаг. Тэр баг маань уг номын орчуулгыг хийсэн бөгөөд I ботийг нь таван жилийн өмнө орчуулаад, хэвлэн гаргасныг та бүхэн мэдэж байгаа байх. Харин өнөөдрийн нээлтээ хийж байгаа II ботийг хоёр жилийн өмнө орчуулан бэлэн болгосон ч хяналт, хэвлэлт гэсээр өнөөдрийг хүрч, таван жилийн дараа хэвлэгдэн гарч байна. Мөн уг номын III ботийг орчуулаад дуусган, хятадын талд тушааснаас гадна IV боть орчуулгын шатандаа явж байна. Тэгэхээр III, IV боть тодорхой хугацааны дараа монголын уншигчдад хүрнэ.
Улс төр
Цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриалла
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурал (COP-16) Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо эхэллээ.
2026 онд болох COP-17 дугаар хурлыг даргалах улсын хувиар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн арга хэмжээнд хүндэт зочноор оролцож, үг хэллээ.
“Бидний газар, бидний ирээдүй” сэдвийн хүрээнд болж буй энэ удаагийн хурлаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын болон цөлжилт, газрын доройтолтой тэмцэж, 2030 он гэхэд газар хөрсийг сэргээх зорилтын хэрэгжилт, ган, цөлжилтийн эсрэг хариу арга хэмжээ авах, байгальд ээлтэй хүнсний үйлдвэрлэл, эмэгтэйчүүдийн газар эзэмших эрх, залуучуудын оролцоо, ажлын байр зэрэг олон асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлоос үүдсэн сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэх шаардлагатай эгзэгтэй энэ цаг үед конвенцын Талууд улс төрийн манлайлал, эв нэгдэл, харилцан ойлголцлоо улам бататган, хамтын ирээдүйн төлөө зоримог шийдвэр гаргах учиртайг онцлоод Монгол Улсын Засгийн газраас цөлжилт, газрын доройтолтой тэмцэх хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,
-Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн асуудал улс орон бүрд, иргэдийн өдөр тутмын амьдралын хэв маягт бодитоор нөлөөлж байна. НҮБ-ын судалгаагаар Монгол Улсад нүүрлэсэн байгаль цаг уурын гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн 20 жилийн хугацаанд хоёр дахин өсжээ. Ганцхан жишээ дурдахад, өнгөрсөн өвөл сүүлийн 50 жилд үзэгдээгүй их цас унаж, хүнд зуд болсноор олон сая мал хорогдсон бол өмнөх зун нь мөн л сүүлийн тавь гаруй жилд болоогүй их хэмжээний үер буусан. Дэлхийн улс орон бүрд ийм жишээг бид өдөр тутам харж бас мэдэрч байна.
Бидний газар нутаг- бидний ирээдүй. Тиймээс ч энэ удаагийн хурал Our land- Our future уриан дор зохион байгуулагдаж байна.
Хүн төрөлхтний ирээдүй болсон газар нутгаа хамгаалахын тулд бид бие биеийнхээ төлөө байхыг нөхцөл байдал хүн төрөлхтнөөс шаардаж байна. “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” байхыг уур амьсгал, цөлжилт, цар тахал ч мөн сануулсан. Тиймээс ч ирээдүйн зөвлөгөөн “One for All, All for One”үзэл санааны дор нэгдэн ярилцахыг уриалж байна гэлээ.
Монгол Улс мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр”Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл”-ийг байгуулах санаачилга дэвшүүлж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай”тогтоол баталсанд талархал илэрхийллээ.
Монгол Улсын Засгийн газар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилгуудад багтсан уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх чиглэлд олон улсын байгууллага, дэлхийн улс орнуудтай үйл ажиллагаагаа уялдуулан түншлэн ажиллаж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж, өнгөрсөн хугацаанд 84 сая мод тарьж, суулгацын нөөц 63 саяд хүрсэн нь олон улсад сайн туршлагад тооцогдож байгааг дурдлаа.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, нүүрсхүчлийн хорт хийн ялгарлыг бууруулахад цэвэр эрчим хүчний томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь туйлын чухал асуудал. Монгол Улс ч цэвэр эрчим хүчний шилжилтэд анхаарлаа хандуулж, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд хөрөнгө оруулалт, татварын орчны томоохон реформыг хэрэгжүүлж эхэлснийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж, Засгийн газрууд, хөрөнгө оруулагчид, баялгийн сангууд, хувийн хэвшлийнхэн эдгээр төсөлд харилцан ашигтай хамтран ажиллахыг урилаа.
Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг даргалах улсын хувьд ган, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, байгаль орчныг хамгаалах дэлхий нийтийн хүч чармайлтад өөрийн хувь нэмрийг оруулж, оролцогч талуудтай идэвхтэй хамтран ажиллах байр сууриа илэрхийлээд хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Мөн хурлын зочид, төлөөлөгчдийг 2026 онд Монгол Улсад болох СОР17-д оролцохыг урилаа.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурлын үндсэн үйл ажиллагаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа тэргүүтэй төлөөлөгчид үргэлжлүүлэн оролцоно.
СОР16 бага хурал нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 30 жилийн ойтой давхцаж буй бөгөөд Саудын Арабын Хаант Улсын хүлээн авч зохион байгуулж буй олон улсын арга хамгийн том хэмжээ юм. Мөн бага хурал нь Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүс нутаг (MENA)-т анх удаа болж байна.
Улс төр
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг өргөн барилаа.
Тус хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлэв.
Монгол Улсын 2025 оны Улсын төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн дагалдах бусад хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хэлэлцээд 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хүчингүй болгосон. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм9 цаг өмнө
МУИС-ийн “ЦАХИМ НОМЫН САН”-гийн нээлт болно
-
Энтертайнмент16 цаг өмнө
“Хөх сувд-2025” мөсний баяр хоёрдугаар сарын 13-23-нд болно
-
Нийгэм17 цаг өмнө
Хүний Папиллома Вирусийн эсрэг дархлаажуулалтыг ДЭМБ дэмжин ажиллаж байна
-
Улс төр9 цаг өмнө
“Төр улсыг засах тухай” номын II ботид эдийн засгийн шинэ хандлага, хөгжлийн шинэ үзэл баримтлал, ядуурлыг бууруулах бодлогын нарийвчилсан арга хэмжээг тодорхойлжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Монголын морин спорт, Уяачдын Холбооны Ерөнхийлөгчөөр Тод манлай уяач Д.Дагвадорж сонгогджээ
-
Эдийн засаг16 цаг өмнө
“Монголын хөрөнгийн бирж” ХК Далианы Коммодити биржтэй хамтран ажиллахаар боллоо
-
Нийгэм9 цаг өмнө
Шонхорын ” хамаатан” эрхэмсэг Ага, Ига