Нийгэм
Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар эрдэм шинжилгээ, судалгааны зарим төслийн үр дүнг хэлэлцэв

Эрүүл мэндийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2024 оны 4 дүгээр хуралдаан боллоо.
Тус зөвлөлийн хурлыг Эрүүл мэндийн сайд, Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн дарга, Анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан удирдаж, коронавируст халдвартай холбоотой эрдэм шинжилгээ, судалгааны зарим төслүүдийн гүйцэтгэл, хэрэгжилтийн үр дүн, тайланг хэлэлцлээ.
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед ХӨСҮТ, АШУҮИС, НЭМҮТ, ЭХЭМҮТ, ЗӨСҮТ зэрэг байгууллагын эрдэмтэн, судлаачдын багууд ЭМЯ-ны захиалгаар, улсын төсвийн болон Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр коронавируст халдвартай холбоотой олон тооны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн.
ШУТЗ-ийн энэ удаагийн хурлаар Анагаах ухааны доктор, профессор Ц.Билэгтсайханы удирдан хэрэгжүүлсэн “КОВИД-19-ийн халдвар болон вакцинжуулалтын дараах дархлаа тогтцын үнэлгээ”, “(КОВИД-19) вакцины дархлаа сэргээх нэмэлт тунгийн дараах дархлааны хариу урвал болон урвал хүндрэлийг судлах нь” сэдэвт судалгааны төслүүд, Анагаах ухааны доктор, дэд профессор Ч.Баттогтохын удирдан хэрэгжүүлсэн “Монгол улсад SARS-CoV-2-ийн голомтолсон халдварын геномын судалгаа” сэдэвт судалгааны төсөл, Анагаах ухааны доктор Г.Цогзолмаагийн удирдан хэрэгжүүлсэн “(КОВИД-19) вакцинжуулалт болон халдварын дараах SARS-CoV-2 вирусийг саармагжуулах идэвхийн судалгаа” сэдэвт судалгааны төсөл, Анагаах ухааны магистр Ж.Байгалмаагийн удирдан хэрэгжүүлсэн “Монгол улсад (КОВИД-19) халдварыг үүсгэж буй SARS-CoV-2 вирусийн геномын хувилбарын тандалтын судалгаа” сэдэвт судалгааны төслийг тус тус хэлэлцлээ.
Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хуралд дээрх төслийн багууд төслийн хэрэгжилт, үр дүнгээ дэлгэрэнгүй танилцуулснаас гадна Биологийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Оюунбилэг, Мал эмнэлгийн ухааны доктор, профессор Б.Болдбаатар, Анагаах ухааны доктор, профессор Д.Нямбаяр, Анагаах ухааны доктор, дэд профессор Т.Хонгорзул нар эдгээр судалгааны төслүүд дээр шинжээчээр ажиллаж, гаргасан дүгнэлтээ уншиж танилцууллаа.

Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
Нийгэм
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 260 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Тухайлбал, иргэн Т бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон орон сууц худалдан борлуулна гэх нэрийдлээр иргэдийг залилж, бусдад 460 орчим сая төгрөгийн хохирол учруулсан.
Эл хэрэгт холбогдон шалгуулж байх явцдаа шүүхийн шатанд өөрийгөө нас барсан талаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн, нас барсны гэрчилгээ гаргуулан авчээ. Улмаар шүүхээс “Шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр Т-д холбогдох хэргийг 2023 онд хэрэгсэхгүй болгосон байна.
Гэвч цагдаагийн байгууллагаас түүний нас барсны гэрчилгээ нь хуурамч болохыг тогтоосон тул хэрэгсэхгүй болгосон хэргийг эргэн сэргээж мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Иргэн Т-ийн нотлох баримт хуурамчаар үйлдсэн, бусдыг залилсан гэх үйлдлүүдэд нь яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.
Эх сурвалж: ЦЕГ
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 659 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
-
Улс төр4 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм4 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм3 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм4 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм2 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Нийгэм2 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Энтертайнмент2 цаг өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ