Нийгэм
Хиймэл оюунд суурилсан технологид шилжих бэлтгэл ажлыг хангаж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын шуурхай хурал өнөөдөр боллоо.
Хурлын эхэнд “И-Монгол академи”-ийн захирал Б.Мягмарнаран мэдээлэл хийв.
Тэрбээр “Засгийн газрын 100 хоногийн хүрээнд “И-Монгол академи” төрийн албан хаагчдын цахим шуудан харилцааны соёлыг нэвтрүүлж, Засгийн газрын хурлын системийг шинэчлэх, төрийн байгууллагын вэб сайтуудыг нэгтгэх ажлыг хийж гүйцэтгэлээ. Мөн ERP системийг цомхон болгох, хөгжүүлэлт хийв. Тодруулбал, Төрийн байгууллагуудын вэб сайтуудыг нэгтгэх ажил бүрэн дуусаж, 3 байгууллагад тест хийж, 16 яам, 34 агентлагийн админуудад сургалт зохион байгууллаа. Мэдээллээ оруулах хугацаа олгож, 2025 оны нэгдүгээр улиралд багтаан хуучин вэб сайтын домэйн нэрийг хаах юм. Тэр болтол хуучин сайт нь архивын шинжтэй ажиллана. Түүнчлэн хиймэл оюунд суурилсан технологид шилжих бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ хүрээнд “Чимэгэ” болон “Аствишн” ХХК-тай хамтран ажиллаж байна. Эхний байдлаар 2025 оны нэгдүгээр улиралд дээрх шилжилтийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн” гэж онцоллоо.
ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “Төрийн байгууллагуудын нэгдсэн вэб сайтыг сайжруулах, нэмж хөгжүүлэлт хийх, яамдын дарга, харьяа газар, салбар байгууллагуудын түвшинд тест хийж, мэргэжлийн багаар зөвлөх үйлчилгээ хийлгэх шаардлагатай байна. Админаар дамжин халдлага үйлдэх нь нэмэгдсэн энэ үед олон админтай байх нь өндөр эрсдэл дагуулна. Тиймээс мэдээллийн аюулгүй байдлыг хангахад онцгойлон анхаарч ажиллах хэрэгтэй байна” хэмээн ярилаа.
Дроны туршилтын бүс байгуулах 5-6 байршлыг тогтоож, эхний ээлжид Дархан-Уул аймаг, Баянзүрх Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байгуулах Засгийн газрын тогтоол гарчээ. Тендер зарлагдаж, ТЭЗҮ хийгдэж байна. Зориулалтаас нь хамаараад зүүн, баруун, говийн бүсэд туршилтын бүс байгуулах боломжтой. Ингэхдээ Батлан хамгаалах, барилга, уул уурхай, хөдөө аж ахуйн чиглэлд туршилт хийгдэх юм. Харин энгийн зураг, бичлэг хийдэг сонирхоргчийн дроныг хязгаарлах газрыг тусгаж, системд нь суурилуулна. Мөн дроны операторыг БНСУ-тай хамтран бэлтгэхээр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Улмаар оператор бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсруулж байна. Түүнчлэн гадны улсууд үйлдвэрлэж буй дроноо турших орон зай Монголд бий. Япон, Солонгос зэрэг дрон үйлдвэрлэгч орнуудад онгоц нисдэггүй агаарын орон зай, агаараа экспортлох тухай ч яригдаж байна. Дроны хууль эрхзүйн зохицуулалтыг бий болгохын тулд холбоотой хуулийг хаврын УИХ-ын чуулганаар оруулахаар төлөвлөж байна.
Иргэд, олон нийттэй харилцах 1111 төвийг нийслэлийн лавлахтай нэгтгэх ажлыг Засгийн газраас үүрэг болгосон. “Ухаалаг засаг” төслийн хүрээнд 1111 төвийг нэвтрүүлж байсан. Харин 2013 оноос нийслэлийн бүртгэлийн системийг хөгжүүлж, иргэдээс ирсэн санал, гомдол, өргөдлийг ангилж, холбогдох дарга нартай нь цахимаар холбож, асуудлыг шуурхай шийдвэрлэж иржээ. Тиймээс 1111 төвийг стресс тайлагч газар бус санал, гомдлыг цаг алдалгүй шийдвэрлэдэг төв болгохоор дээрх шинэчлэлийг хийж байна.
Засгийн газрын 100 хоногийн хүрээнд дижитал шилжилтийг эрчимжүүлэх, цаасгүй засаг, төрийн байгууллагуудын вэб сайтыг нэгтгэх, дроны туршилтын бүс байгуулах, аппле пэй нэвтрүүлэх зэрэг 6 ажлыг үүрэг болгосон. Мөн төрд байгаа мэдээллийг дахин нэхэхгүй байх, тоон гарын үсгийн хэрэглээг хэвшүүлэх, И-Монголийн кодыг экспортлох, энэ чиглэлд хувийн хэвшилтэй хамтран ажиллах, шинэ санаачилга нэвтрүүлэхээр ажиллаж байна. ЦХИХХЯ-наас дээрх ажлуудыг эрчимжүүлж, гүйцэтгэл өндөр байна.
Түүнчлэн сайдын шуурхайг дижитал хэлбэрт шилжүүлж, дарга нарын ирцийг дашбоардад оруулж, нэгтгэх үүрэг чиглэл өглөө. Төрийн албан хаагчдад мэдээлэл нь нээлттэй байдаг, дотоод менежментээ нэмэгдүүлэх шаардлага бий. Өөрөөр хэлбэл, уламжлалт арга барилаасаа салж 2025 оноос сайдын шуурхай хурлыг дижитал байдлаар хийх үүрэг өглөө гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.