Нийгэм
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгай зориулалтын 30 автомашин хүлээлгэн өглөө

Онцгой байдлын байгууллагад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгай зориулалтын гал түймэр болон эмнэлгийн, аврах ажиллагааны нийт 30 автомашиныг гардуулан өгөх арга хэмжээ өнөөдөр ОБЕГ-т боллоо.
Энэ хүрээнд “ISUZU” маркийн ус болон хөөсний нэмэлт савтай, бага оврын гал түймэр унтраах хүчин чадал бүхий 18 автомашин, гал түймэр унтраах, аврах ажиллагааны “ISUZU” маркийн хоёр тоннын багтаамжтай усны нөөцийн савтай гал унтраах төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон дөрвөн автомашин, хүн тээврийн “IVECO” маркийн 11 хүний суудалтай зургаан автомашин, эмнэлгийн зориулалттай “KIA” маркийн иж бүрэн эмнэлгийн хэрэгслээр тоноглогдсон хоёр автомашиныг төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад хуваарилан, хүлээлгэн өгсөн юм.
Эдгээр автомашин нь сүүлийн үеийн дэвшилтэт техник бүхий иж бүрэн тоноглогдсон, алба хаагчдын ажлыг хөнгөвчлөх боломжтой гэдгээрээ онцлог бөгөөд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх, түүнээс үүдэх гарах хохирлыг бууруулах давуу талтай юм.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр “Улсын төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардлын хүрээнд алба хаагчдын хувцас хэрэглэл, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, техник тоног төхөөрөмжид анхаарч ажилласны үр дүнд 2020 оны суурь түвшингөөс шуурхай албаны автомашины хангалт 76 хувь, гал унтраах автомашины хангалт 55 хувь, туслах албаны автомашин хангалт 25 хувь,хүнд даацын машин механизмын хангалт 38 хувь, тусгай зориулалтын аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалт 128 хувь, уснаас аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалт 260 хувь, өндрөөс аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалт 120 хувь, агаараас аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалт 44 хувь болж өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь төр засгийн зүгээс Онцгой байдлын байгууллагын чадавхыг дээшлүүлэхэд онцгой анхаарч, хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн үр дүн юм. Цаашид алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, орчин цагийн гамшигтай тэмцэх үйл ажиллагааны чадавхыг дээшлүүлж, олон улсад ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангалтыг улам бүр нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах болно” гэлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.