Нийгэм
Иргэд орон нутгаасаа рентген, СТ, MRI, мамографик дүрс оношилгоог нарийн мэргэжлийн эмч нараар хийлгэх боломжтой

Эрүүл мэндийн сайдын хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд 2024 онын 12 дугаар сарын 17-нд орон зай, цаг хугацаанаас үл хамааран рентген, СТ, MRI, Мамографик дүрс оношилгооны зургуудыг хүлээн авч, оношлох “Зайн оношлогооны төв” нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Уг оношилгооны төв нээгдсэнээр хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас ирсэн рентген, СТ, MRI, Мамографик дүрс оношилгооны зургуудыг чанарын өндөр түвшинд стандартын дагуу хүлээн авч, дүгнэлтийг нарийн мэргэжлийн эмч нар гаргах боломж бүрдэж байна.
Мөн шаардлагатай эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээг мэдээллийн технологи ашиглан нөхөх, иргэд харьяа орон нутгаасаа дүрс оношилгооны дүгнэлтийг хүлээн авснаар хот руу чиглэх иргэдийн хөдөлгөөн багасаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж сайжрах юм.
Тус төвийн үйл ажиллагааг нээж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлсэн үгэндээ ”Уг төвийн үйл ажиллагаа 21 аймгийн иргэд нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлтийг оршин суугаа орон нутагтаа авах боломжийг бүрдүүлж Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачаалал, чирэгдлийг бууруулах зорилготой. Одоогоор 15 аймаг амжилттай холбогдсон, ирэх 7 хоногт үлдсэн 5 аймгаа холбоно” хэмээн онцоллоо.
Зайн оношилгооны төвд УХТЭ-ийн Оношилгооны төвийн дарга, зөвлөх эмч, АУ-ны доктор, дэд профессор Б.Эрдэнэбулган, УНТЭ-ийн Дүрс оношилгооны төвийн радиологийн тасгийн зөвлөх эмч З.Хишигжаргал, ЭХЭМҮТ-ийн Радиологийн тасгийн дүрс оношилгооны эмч Б.Ариун-Эрдэнэ, УГТЭ-ийн Дүрс оношилгооны лавлагаа төвийн Дүрс оношилгооны эмч Л.Амартүвшин, УГТЭ-ийн Дүрс оношилгооны лавлагаа төвийн Дүрс оношилгооны эмч Ж.Алтанхуяг, УХТЭ-ийн Дүрс оношилгооны төвийн радиологийн тасгийн их эмч Ц.Отгонтуяа нар зөвлөгөө өгч ажиллана.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.