Энтертайнмент
Парисын “Их дуулга”-д Монголын 10 жүдоч барилдана
Олон улсын жүдо бөхийн холбооны шинэ оны тэмцээн Мараккогийн Касабланка хотод болох Африкийн нээлттэй тэмцээнээр эхэлж байгаа. Харин “Их дуулга”-ын цуврал тэмцээн ирэх сарын 1-нд эхэлнэ.
Тодруулбал, Францын Парис хотод ирэх сарын 1-нд “Их дуулга”-ын эхний цуврал тэмцээн болно. Энэхүү тэмцээн чансаагаараа Олимп, ДАШТ, Токиогийн “Их дуулга”, “Мастерс” ангиллын дараа эрэмбэлэгддэг. Лос Анжелесийн олимпын мөчлөгийн анхны “Их дуулга”-д одоогоор 21 орны 150 гаруй жүдоч барилдахаар мэдүүлэг өгчээ.
Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр таван тамирчин зодоглоно. Эрэгтэйчүүдийн 60 кг-д олон улсын хэмжээний мастер К.Ёолк, Б.Сүхбат, 66 кг-д Б.Нямренчин, Г.Хэрлэн, 81 кг-д О.Шинэбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д Ж.Анударь, 52 кг-д Б.Уранзаяа, Б.Гүндэгмаа, 57 кг-д О.Оюунчимэг, 70 кг-д С.Лхагвадулам нар барилдана.
Олон улсын жүдо бөхийн холбооноос 2025 онд “Их дуулга” ангиллын 10, гранпри ангиллын гурван тэмцээн зохион байгуулна.
Энтертайнмент
“Бүсгүй” кино нэгдүгээр сарын 16-нд нээлтээ хийнэ
“Хурд” хамтлаг 30 жилийнхээ ойн хүрээнд олон гэнэтийн бэлгийг сонсогчдодоо хүргэж буйн нэг нь бүрэн хэмжээний уран сайхны кино юм. Тодруулбал, “Хурд” хамтлаг “Бүсгүй” дуунаасаа сэдэвлэсэн бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээснээ үзэгчдэд хүргэх гэж байна.
“Хайрлагдсан эмэгтэй хамгаас илүү үзэсгэлэн төгс, эрхэмсэг. Хайрлаж, хайрлуулж яваа бүсгүйчүүддээ зориулав” хэмээн онцолсон “Бүсгүй” уянгын драмын кинонд жүжигчин Ариана буюу Г.Ариунболор, С.Ариунбямба нар гол дүрийг бүтээжээ.
Энэхүү уран бүтээлийг 2025 оны нэгдүгээр сарын 16-наас бүх кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгох юм.
Энтертайнмент
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрөөр Москвад суралцаж буй монгол оюутан анхны дүрээ бүтээжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Москва хотын Гнесиныхны нэрэмжит Москвагийн хөгжмийн академид суралцахаар илгээгдсэн анхны оюутан М.Хайрат анхны дүрээ бүтээжээ.
Тэрбээр тус хотод соёл, урлагийн чиглэлээр суралцаж буй цор ганц оюутан бөгөөд түүний тоглосон анхны бүтээл нь 1786 онд Вольфганг Амадей Моцарт болон Италийн зохиолч Лоренцо Да Понте нарын хамтран зохиосон “Фигарогийн хурим, галзуурмаар өдөр” нэртэй хошин дуурь юм. М.Хайрат Монгол Улсын консерваторид Дуулах урлагийн тэнхимд суралцаж байхдаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Илгээлт-2100” хөтөлбөрт тэнцсэн байна. Өдгөө Гнесиныхны нэрэмжит Москвагийн хөгжмийн академид профессор Тимофей Юрьевич Крюковын удирдлагад дуурийн дуучин мэргэжлээр хоёр дахь жилдээ суралцаж байгаа аж.
1784 онд Пьер Бөмаршэгийн “La folle journée, ou le Mariage de Figaro” хэмээх зохиолд үндэслэн бичсэн “Фигарогийн хурим” дуурийг ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн , профессор Ю.А.Сперанскийн найруулснаар өчигдөр Гнесиныхны нэрэмжит Москвагийн Хөгжмийн академийн дуурийн театрын тайзнаа тавихад М.Хайрат Антониогийн дүрийг бүтээсэн байна.
Мөн ОХУ-ын Санкт-Петербург хотод XX зууны нэрт дуурийн дуучин, ЗХУ-ын Ардын жүжигчин Елена Образцовагийн Соёлын сангаас зохион байгуулсан сонгодог болон ардын урлагийн олон улсын VIII уралдаанаас “Оросын хөгжмийн зохиолчийн ари” төрөлд “Шилдэг дуулаач”-ээр нэрлэгджээ.
Энтертайнмент
“Бөртэ-чоно” наадмын 2024 оны шилдгүүд тодорлоо
Монголын үндэсний олимпийн хорооноос 2003 оноос хойш зохион байгуулсан “Бөртэ-чоно” наадмын 2024 оны шилдгүүд тодорлоо. Спортын салбарын шилдгүүдийг шилдгийн шилдэг тамирчин, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг залуу тамирчин, шилдэг дасгалжуулагч, шилдэг шүүгч, шилдэг холбоо зэрэг 25 номинациар тодруулсан байна.
“Бөртэ чоно” наадмын шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүнчлэлтэй спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай.
-Шилдэг олимпын танхим – Нийслэлийн ерөнхий боловсролын 69 дүгээр сургуулийн “Лондон 2012” олимпийн танхим
-Шилдэг олимпын зөвлөл – Говь-сүмбэр аймгийн “Антверпен” олимпийн зөвлөл
-Олимпын шилдэг зүтгэлтэн – Ц.Раднаа /хөнгөн атлетикийн ахмад тамирчин/
-Шилдэг спортын сэтгүүлч – Ж.Цэцэгмаа
-Шилдэг спортын бүтээн байгуулалт – Дархан-Уул аймгийн “United arena” спорт цогцолбор
-Спортын шилдэг ивээн тэтгэгч байгууллага – Моннис групп, Келме брэнд
-Шилдэг шүүгч – Ц.Цогтгэрэл /бокс/, Л.Одгэрэл /хүндийн өргөлт/
-Шилдэг дасгалжуулагч – М.Бундмаа /жүдо бөх/, Ц.Цогтбаяр /чөлөөт бөх/
-Шилдэг холбоо – Жүдо бөхийн холбоо, чөлөөт бөхийн холбоо, таеквондогийн холбоо, гимнастикийн холбоо, жюү жицүгийн холбоо
-Паралипмийн шилдэг тамирчин – У.Сүрэнжав /таеквондо/
-Шилдэг залуу тамирчин – Т.Ариунзаяа /жүдо бөх/
-Оны онцлох – “Mongolia House” төслийг хэрэгжүүлэгч “Хүслийн дуудлага” ТББ
-Шилдэг баг – 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг
-Шилдэг тамирчин – С.Цэрэнчимэд /чөлөөт бөх/, М.Анхцэцэг /хүндийн өргөлт/
-Шилдэг тамирчин – Б.Сэр-Од /хөнгөн атлетик/, Т.Тулга /чөлөөт бөх/
-Шилдгийн шилдэг тамирчин – Б.Баасанхүү /жүдо бөх/
– Шилжин явах цомын эзэн – Б.Баасанхүү /жүдо бөх/
-Шилдгийн шилдэг тамирчин – Л.Анхзаяа /жүдо бөх/ нар шилдгээр тодорсон байна.