Нийгэм
Д.Ариунбаатар: Кабелийн утас зөвшөөрөлгүй татсанаас болж суваг гаргахад хүндрэлтэй байна

Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалттай 14 байршилд ГУББГ-аас халиа тошин халихаас сэргийлэн ажиллаж байна.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, “Дэнжийн 1000”-ын үерийн хамгаалалттай нэгдүгээр сувагт 2 ачааны машин, 2 экскаватор, нэмэлт 3 машин механизмтайгаар суваг татах ажлыг гүйцэтгэж байна.
Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Ашиглалтын инженер Д.Ариунбаатараас тодрууллаа.
Тэрбээр “Ойрын өдрүүдэд харьцангуй дулаарсан учраас усны түвшин нэмэгдэж, урсгал нь хурдассан. Тиймээс халиа тошин ихээр үүссэн хэсэгт суваг татаж, мөсийг цэвэрлэж, зөөж, далан босгож байна. “Ногоон нуур” орчмын айлуудыг нүүлгэн шилжүүлснээр айл өрх халиа тошинд өртөх эрсдэл багассан ч энэхүү сувгийн доод хэсэгт орон сууцны хорооллууд байдаг учраас бид өдөр бүр халиа тошин халих болон хаврын шар усны үерээс сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна” гэв.
“Дэнжийн 1000”-ын нэгдүгээр сувагт техник орох боломжгүй байршилд ажилчид гар хөрөөгөөр цас, мөсийг хөрөөдөж, гарц гаргалгаа хийж байлаа. Мөн гүүрэн гарцыг дагасан 20 орчим метр том хэмжээний кабелийн утсыг зөвшөөрөлгүйгээр татсан нь ажил явуулахад хүндрэл үүсгэж байсан юм. Яг гүүрэн доорх хаалттай хэсэгт агааргүйдэх эрсдэлтэй, битүү орчинтой учраас харагдах орчин хязгаарлагдмал, ажилчид ээлжлэн орж ажиллахаас өөр боломжгүй, мөн дээр дурдсан цахилгааны кабелийг хөндөх эрсдэлтэй учраас суваг, гарц, гарам гаргахад хүнд нөхцөлд ГУББГ-аас ажиллаж байна. Гэсэн ч нөхцөл байдлыг шийдэж, халиа тошин халихаас сэргийлсэн арга хэмжээнүүдийг авсаар байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.