Улс төр
ЗХУ-ын дайчдад зориулсан хөшөөг сэргээн засварлаж, нээлтээ хийлээ

Нэгдүгээр сарын 26-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан хөшөөг сэргээн засварласны дараах нээлтийн ёслол хүндэтгэлийн ажиллагаа боллоо. Тус хөшөөг Халхын гол дээр Зөвлөлт, Монголын цэргүүд хамтын хүчээр Ялалт байгуулсны 85 жилийн ойг тохиолдуулан Оросын талын санаачилгаар өнгөрсөн намар сэргээн засварласан бөгөөд шаардагдах хөрөнгийг ОХУ-ын Ленинград мужийн төсвөөс гаргасан байна. Сэргээн засварлах ажлыг Улаанбаатар хотын захиргаа, Бүх Оросын түүх, соёлын дурсгалыг хамгаалах нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр Монгол, Оросын компаниуд хамтран гүйцэтгэжээ.
Хөшөөний нээлтийн ёслолын ажиллагаанд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар оролцов. Тэд Зайсан толгойн бэлд байрлах Аугаа их Эх орны дайны үед Монголын ард түмнээс Зөвлөлтийн ард түмэнд бэлэглэсэн “Хувьсгалт Монгол” танкны цуваанд байлдаж байсан танкны хөшөөнөөс эхлээд уулын орой дээрх хөшөөний цогцолборын бүхий л байгууламжтай танилцсан ба Оросын сэргээн засварлагчид өөд гарах шатнуудаас эхлээд дурсгалын цогцолборын хосгүй мозаик хүртэл бүх байгууламжуудыг сэргээн засварлажээ. Тэдний зам дагуу хүндэт харуул жагсаж, цэргийн найрал хөгжим хоёр улсын төрийн дууллыг эгшиглүүлж байв.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков сэтгүүлчдийн асуултад хариулахдаа:
«Шинэчлэн засварласан дурсгалын цогцолборыг Аугаа их Эх орны дайны Ялалтын 80 жилийн ойн жилд Нийслэлийн Засаг даргатай хамтран нээсэн нь өөрөө маш чухал үйл явдал юм. Монгол Улс манай анхны холбоотон байсан бөгөөд БНМАУ-ын нэг хүнд ногдох тоо хэмжээгээр тооцвол ЗСБНХУ-д үзүүлсэн тусламжийнх нь хэмжээ АНУ болон Их Британи хоёрын хамтарсан тусламжаас илүү их байсан» гэлээ.
Хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын нийслэлийн Засаг даргыг болон сэргээн засварлахад гар бие оролцсон Монголын барилгачдыг “Халхын голын байлдаанд Зөвлөлт, Монголын цэргүүд ялсны 85 жил” ойн медалиар шагнан урамшууллаа.
Хотын дарга Х.Нямбаатар хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа хөшөөний анхдагч дүр төрхийг сэргээсэн Оросын талд гүн талархал илэрхийлж, Ленинград мужаас 50 гаруй сая рублийн санхүүжилтийг засварын ажилд зориулсныг тэмдэглэв.
«Зайсан толгой дахь дурсгалын цогцолборыг сэргээн засварласан нь Халхын голын Ялалтын 85 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнүүдийн онцгой чухал ажлын нэг болсон гэж итгэл дүүрэн хэлж болно» хэмээн хотын дарга цохон тэмдэглэв. Сэргээн засварлагчдын хөдөлмөрийг үнэлж, энэ чухал түүхэн дурсгалт газарт хайр халамжтай хандахыг иргэддээ уриалж, цаашид хөшөөний бүрэн бүтэн байдлыг хангах үүднээс ойрын хугацаанд энд дүрс бичлэгийн камерууд суурилуулах бодолтой байгаагаа мөн хуваалцав.
Зайсан толгой дахь дурсгалын цогцолбор нь түүхэн ач холбогдолтой төдийгүй гадаадын жуулчдын анхаарлыг татдаг бөгөөд Улаанбаатар хотын оршин суугчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газар гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Улс төр
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол гарлаа.
“Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаярт үүрэг болголоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Эрдэм боловсролтой Монгол хүн” зорилго, “Тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол”, “Мэдлэг, чадвартай мэргэжилтэн”, “Багшлах хүний нөөц”, “Цахимжсан боловсрол” зорилтын хэрэгжилтийг хангах, бүх шатны боловсролын тогтолцоо, агуулгын нэгдмэл бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах санаачилга гаргажээ.
Боловсролыг дэмжих жил болгон зарласнаар багш бэлтгэх тогтолцоо, хичээлийн хөтөлбөрийн шинэчлэл, багшийн нийгмийн баталгаа, цалин хангамж, сургуулийн менежментийн шинэчлэл, шинэ сургууль, цэцэрлэг барих хөрөнгө оруулалт, бага сургуулийн цогцолборуудыг нэмэгдүүлэх, ахлах сургуулиудыг төрөлжүүлэн хөгжүүлэх, их сургуулиудын шинэчлэл, хөрөнгө оруулалт зэрэг асуудлууд тодорхой шийдэлд хүрэх боломж бүрдэх, боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх, салбар дундын хамтын ажиллагаа, уялдааг хангах нөхцөл бүрдэх юм.
Улс төр
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно

”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны ногдол ашгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилж байна. Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1,072 хувьцаатай нэг иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашигийг гурав хувааж олгохоор шийдвэрлэсэн бөгөөд гуравдахь удаагийн олголтыг энэ сард хийнэ. Хувь хүний орлогын албан татварыг хассан дүнгээр 93,500 төгрөг, иргэн, аж ахуйн нэгжид нийт 308 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 оны гүйцэтгэлээр 30.4 сая тонн нүүрс олборлож, 3.0 тэрбум ам.долларын үнэлгээтэй 29.6 сая тн нүүрс борлуулж, улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр нийт 3.5 их наяд төгрөг төвлөрүүлжээ.
Улс төр
Сангийн сайд Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ.
“Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспорт нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсэг уул уурхайн экспортод тулгараад буй асуудлыг цогц байдлаар шийдвэрлэж, экспортыг эрчимжүүлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Тус Ажлын хэсгийн дарга, Сангийн сайд Б.Жавхлан,
Нэгдүгээр улирлын нийт дүнгээр нүүрс 17.4 сая.тонн, төмрийн хүдэр 1.8 сая тонн экспортолсон нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байгаа бол зэсийн баяжмалын экспорт 456 мянган тоннд хүрч 24 хувиар өссөн дүнтэй байна.
Ажлын хэсэг банкны салбарын төлөөлөлтэй уулзаж, гадаад валютын улсын нөөцийг хамгаалах чиглэлд хамтран ажиллах талаар хэлэлцэж, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлаар холбогдох асуудлыг шийдвэрлэж, бодлогын зөвлөмж гарган ажиллаж байна.
Энэ сарын 1-ний байдлаар гадаад валютын улсын нөөц өмнөх долоо хоногоос 305 сая ам.доллароор нэмэгдэж, таван тэрбум ам.долларт хүрлээ гэж мэдээллээ.
-
Эдийн засаг12 цаг өмнө
Монголбанк гуравдугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авлаа
-
Улс төр15 цаг өмнө
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
-
Эдийн засаг14 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурчээ
-
Улс төр15 цаг өмнө
Сангийн сайд Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ
-
Улс төр15 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно
-
Эдийн засаг17 цаг өмнө
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
-
Нийгэм19 цаг өмнө
Олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль энэ сарын 8-14-нд төв талбайд болно
-
Улс төр15 цаг өмнө
ЗГ: Байгалийн хийн хоолой барих төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг энэ оны гуравдугаар улиралд хийнэ