Улс төр
Монгол, Лаосын засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан Вьентьян хотноо болов

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссын 12 дугаар хуралдаан 2025 оны 01 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын нийслэл Вьентьян хотноо зохион байгуулагдаж байна.
Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг Монгол Улсын Зам, тээврийн сайд, Монголын хэсгийн дарга Б.Дэлгэрсайхан, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Эрүүл мэндийн сайд, Лаосын хэсгийн дарга Бүнфенг Фүммалайсит нар ахалж, хоёр улсын холбогдох яам, байгууллагын албаны хүмүүс оролцов.
Талууд хоёр улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар харилцан мэдээлэл солилцож, Монгол, Лаос хоорондын худалдаа, эдийн засаг, зам тээвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, байгаль орчин, соёл, боловсрол, аялал жуулчлалын хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.
Хуралдааны эхэнд талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа “Бие биеэ дэмжин харилцан ашигтай байх хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлан бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, улс төрийн итгэлцэл бэхжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж байгааг сайшаан тэмдэглэв.
Сайд нар дээд түвшний харилцан айлчлалын үеэр тохирсон ажлыг эрчимжүүлж, бодит ажил хэрэг болгох, бие биеэ нөхсөн, харилцан ашигтай, иж бүрэн, цогц хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тус комисс чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.
Талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж байгааг дурдаж, Батлан хамгаалах яамд хооронд 2022 онд байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангаж ажиллахаар тохиров.
Талууд Монгол, Лаосын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хоёр орны давуу тал бүхий бараа, бүтээгдэхүүнийг хоёр улсын зах зээлд харилцан нийлүүлэх чиглэлд хамтран ажиллах, ялангуяа Монгол Улсаас Лаос Улсад мах, махан бүтээгдэхүүн, Лаос Улсаас Монгол Улсад цагаан будаа, жимс, жимсгэнэ, улаан модон бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахаар болов.
Талууд хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсаас мал, малын гаралтай түүхий эд, малын үржүүлгийн бүтээгдэхүүнийг Лаос Улсад нийлүүлэх, мал эмнэлэг, хорио цээрийн гэрчилгээ, худалдааны нөхцөлийг харилцан тохирохоор болов.
Мөн хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, бараа бүтээгдэхүүний экспорт, импортыг дэмжихэд тээвэр, логистикийн асуудлыг шийдвэрлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.
Лаосын тал 2021 онд барьж, ашиглалтад оруулсан Вьентьян-Куньминь /БНХАУ/ хотыг холбосон 414 км төмөр зам нь Лаос төдийгүй бүс нутгийн тээвэр, логистикийн саад бэрхшээлийг бууруулах, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв.
Талууд хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг тэмдэглээд Эрүүл мэндийн яамд хооронд байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангах хүрээнд Лаосын эмч нарт зориулсан богино, дунд хугацааны сургалтыг зохион байгуулахаар тохиров.
Хоёр улсын аялал жуулчлалын компаниудын хооронд хэлхээ холбоо тогтоох, туршлага солилцох, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар болов.
Мөн Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын ирээдүй болсон оюутан, залуусыг хоёр улсын Засгийн газрын тэтгэлгээр харилцан сургаж байгааг сайшаан тэмдэглэв.
Талууд хоёр улс НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд цаашид ч уламжлалт байр сууриа хадгалж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв. Энэ хүрээнд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар тохиров.
Лаосын тал Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмэр оруулж буйг дурдаж, 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д дээд түвшний төлөөлөгчийн оролцоог хангахад хамтран ажиллахаа илэрхийлэв.
Лаосын тал АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш, Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцогч улс болох, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-д элсэх талаарх монголын талын эрмэлзлийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа нотлов.
Энэ удаагийн Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 12 дугаар хуралдаан ажил хэрэгч, халуун дотно уур амьсгалд болж, талууд хуралдааны дүнгээр эдийн засаг, худалдаа, зам тээвэр, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлал зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд хөгжүүлэх тухай протоколд гарын үсэг зурав.
Хуралдааны хүрээнд тус комиссын Монголын хэсгийн дарга Б.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхий сайд Сонсай Сипандонг, Гадаад хэргийн сайд Тонгсаван Фомвихан, Нийтийн аж ахуй, тээврийн сайд Нгампасунг Мөангмани нартай тус тус хоёр талын уулзалт хийж, Монгол, Лаосын харилцаа, хамтын ажиллагааны талаар найрсаг, халуун дотно уур амьсгалд санал солилцов.
Түүнчлэн олон улсын чухал ач холбогдол бүхий 9 боомтын нэг болох “Вьентьян Ложистик Парк”-ын “Таналенг” хуурай боомтын үйл ажиллагаатай танилцав.

Улс төр
Өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдана

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.04.01/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
1 | Төрийн байгуулалтын байнгын хороо | · Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ |
10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
2 | Эдийн засгийн байнгын хороо | · Монголбанкны Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны талаарх Монголбанкны ерөнхийлөгч, Монголбанкны Хяналтын зөвлөлийн мэдээллийг сонсох
· Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ |
11.00 | “Их Эзэн Чингис хаан” |
3 | Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо | · “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/
· Бусад |
14.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
4 | Нийгмийн бодлогын байнгын хороо | · Байнгын хорооны тогтоолын төсөл /Хараат бус шинжээч томилох тухай/
· Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох |
14.30 | “Их Эзэн Чингис хаан” |
Улс төр
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Н.Батсүмбэрэл нар Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг 2025 оны гуравдугаар сарын 31-ний өдөр өргөн барив.
Монгол Улсад 2000 онд Донорын тухай хууль баталж цусны донорын үйл ажиллагааг зохицуулж байсан учир дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулга хийж, эрхтний донор, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар нэмж тусгажээ. Өдгөө дэлхий нийтэд үүдэл эсийг эд эс нөхөн сэргээх эмчилгээнд ашиглах, үр хөврөл шилжүүлэн суулгах зэрэг олон шинэ арга технологи нэвтэрч эхэлсэн учир манай улсын эрүүл мэндийн салбар тэдгээр дэвшилтэд шинэ технологиудыг хөгжүүлэх шаардлагатай болсныг хууль санаачлагчид онцлов.
Дэлхийн 93 улс оронд эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд 90 орон тус эмчилгээний талаарх бие даасан хууль тогтоомжийг баталжээ.
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл батлагдсанаар эрх зүйн орчин улам боловсронгуй болж, эмчилгээний үр дүнтэй аргууд нэвтэрч эхэлнэ. Түүнчлэн, иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай эмчилгээ, үйлчилгээг авах боломж бүрдэх бөгөөд амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах талаар баримтлах бодлого, зохицуулалт ойлгомжтой, тодорхой болж, эмчилгээний чанар, хүртээмж, үр дүн сайжирна гэж үзэж буйгаа танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2025.03.27/ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээр нь Монгол Улсын Засгийн газрын 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн бөгөөд төмөр замын бүтээн байгуулалтыг 2027 онд багтаан дуусгахаар төлөвлөжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүдийн асуултад хариулахдаа, “Монгол Улс БНХАУ-тай 1955 онд анхны хоёр боомт холбогдох гэрээг хийж байсан нь Замын-Үүд-Эрээний боомт юм. Өнөөдөр бид УИХ-аар хоёр улсын Засгийн газар хооронд албан ёсоор хэлэлцээр хийсэн хоёр дахь боомтыг 70 жилийн дараа батлах гэж байна. Энэ бол манай экспортын гол боомт болох Гашуунсухайт-Ганцмод боомт холбогдох юм. Монгол Улсын Засгийн газрын яам, БНХАУ -ын Хөгжил шинэтгэлийн хороотой Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурсан анхны тохиолдол энэ юм. Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээр өнөөдөр батлагдсанаар гурав дахь боомт буюу Шивээхүрэн боомттой хамтын ажиллагааг эхлүүлэх эрх зүйн орчин нээгдэж байгаа гэсэн үг юм” хэмээн онцолж байлаа.
Хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал 2 дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 165 сая тоннд хүрч, нүүрсний борлуулалтын жилийн орлого 1.5 тэрбум ам доллароор нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Түүнчлэн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох, баруун, зүүн тэнхлэгийн төмөр замын дараагийн төслүүд хэрэгжих нөхцөл бүрдэх юм.
-
Эдийн засаг17 цаг өмнө
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болж нэмэгдлээ
-
Нийгэм17 цаг өмнө
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Нийгэм18 цаг өмнө
Хүчтэй салхи шуурганы давтагдал их байх магадлал өндөр байна
-
Улс төр18 цаг өмнө
Өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдана
-
Нийгэм18 цаг өмнө
Улаанбурхан өвчний 187 тохиолдол батлагджээ
-
Нийгэм18 цаг өмнө
Аутизмыг таниулах дэлхийн өдөр тохиож байна
-
Улс төр18 цаг өмнө
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
-
Нийгэм17 цаг өмнө
Өнөөдрөөс хэрэглэгчдийн дуудлагыг зөвхөн 70047004 утсаар хүлээн авна