Нийгэм
Нүдний үзлэгт хамрагдсан сурагчдын 22.6 хувь нь харааны өөрчлөлттэй байна
Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын нүдний эмгэгийн эрт илрүүлэг үзлэгийг зохион байгуулж, харааны хэрэглэгдэхүүн худалдан авах, бүртгэх ажлыг зохион байгуулахыг Боловсролын ерөнхий газарт даалгасан.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.10 дахь хэсэгт “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн эрүүл мэндийн хяналт тандалтын сан бүрдүүлэх, холбогдох хуульд заасан урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд суралцагчийг тодорхой насны давтамжтай хамруулах үйл ажиллагааг эрх бүхий этгээдийн баталсан журмын дагуу харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулна” гэж заасан.
Дээрх чиглэлийн хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан 2024 оны “Удирдамж батлах тухай” А/413, А/151 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад нүд, шүд, зүрхний эрт илрүүлэг үзлэгийг зохион байгуулж, 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд эрт илрүүлэг үзлэгийн явц 69,56 хувьтай байна.
Нүдний эрт илрүүлэг үзлэгийн явц 58,8 хувьтай, үүнээс өөрчлөлттэй суралцагч 22,6 хувийг эзэлж байна.
- Холын хараа тэнцээгүй 3651
- Ойрын хараа тэнцээгүй 1439
- Стерео хараа тэнцээгүй 2360
- Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай 4961 суралцагч байна.
Үдний үзлэгийг дүүрэг тус бүрээр явцыг харуулбал
- Багануур дүүрэг: хамрагдалт-5,6 хувь, өөрчлөлттэй-0,7 хувь
- Багахангай дүүрэг: хамрагдалт-93,4 хувь, өөрчлөлттэй-17,6 хувь
- Баянгол дүүрэг: хамрагдалт-64,7хувь, өөрчлөлттэй-14,7 хувь
- Баянзүрх дүүрэг: хамрагдалт-50,2 хувь, өөрчлөлттэй-12,4 хувь
- Налайх дүүрэг: хамрагдалт-85,9 хувь, өөрчлөлттэй-13,1 хувь
- Сонгинохайрхан дүүрэг: хамрагдалт-60,9 хувь, өөрчлөлттэй-9,4 хувь
- Сүхбаатар дүүрэг: хамрагдалт-70,5 хувь, өөрчлөлттэй-14,1хувь
- Хан-Уул дүүрэг: хамрагдалт-60,6 хувь, өөрчлөлттэй-12,9 хувь
- Чингэлтэй дүүрэг: хамрагдалт-54,7 хувь, өөрчлөлттэй-11,4 хувь
Нүдний эмгэгийн үзлэгт шаардагдах харааны хэрэглэгдэхүүн худалдан авах ажиллагааг Инвомед трейд ХХК-тай хамтран зохион байгуулж, АНУ-ын Goodlite үйлдвэрт захиалга өгч, хүлээн авсан. Нийслэлийн ерөнхий боловсролын 550 сургуулийн захирал, эмч, нийгмийн ажилтан нарт 6 удаагийн сургалтыг зохион байгуулж, эрт илрүүлэг үзлэгийг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажилласан. 2024-2025 оны хичээлийн жилийн сүүлийн хагаст орон нутагт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Нийгэм
ЭМЯ: Менингококк халдвар гарсан боловсролын байгууллагын танхимын сургалтыг 7 хоног цахимд шилжүүлэх санал гаргалаа
Нийслэлийн Налайх дүүрэгт 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Менингококк халдвар, нэн хүнд явцтай Менингококкцеми үжил, үжлийн шок, олон эрхтний дутагдал оноштой эмчлэгдэж байсан бага насны хүүхэд эндсэнд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Онцгой комисс, Эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд хамтран Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаалаар эрсдэлийн үнэлгээг хийхэд “ӨНДӨР” эрсдэлтэй гарчээ.
Иймд Налайх дүүргийн халдвар гарсан боловсролын байгууллагын танхимын сургалтыг 2025.02.03-2025.02.10 хүртэл /7 хоног/ хаах арга хэмжээ авч хэрэгжүүлэх санал Эрүүл мэндийн яамнаас хүргүүлж байна.
Халдварын голомтод Халдварт өвчин судлалын үндэсний төв, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн хамтарсан баг өвчний голомтод хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Менингококк халдвар нийслэлд бүртгэгдсэнээс улбаалан Эрүүл мэндийн яам, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг улсын эмнэлгүүдийн удирдлагуудад Менингококк халдварын тархалт, урьдчилан сэргийлэх чиглэлд хэрхэн ажиллах чиглэл өглөө.
Эрүүл мэндийн сайд 2025 оны 01 дүгээр сарын 03 өдөр Менингококк халдвартай холбоотой албан даалгавар гаргаж урьдчилан сэргийлэх, хүрээ тодорхойлох оношлуур хийхийг үүрэг болгосон байсан.
Одоогоор Баянгол дүүрэгт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол нь эмнэлзүйн шинж тэмдэг буюу өндөр халуурах шинж тэмдэггүй, биед тууралт гарсан шинж тэмдэгтэй, шинжилгээ хийгдэж байна.
Нийгэм
УЕПГ: 2024 онд 22.877 өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэлээ
Прокурорын байгууллагаас 2024 онд иргэн, хуулийн этгээд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 22.877 өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэлээ.
Үүнээс 82.3 хувь нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос, 3.3 хувь нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан гомдол, хүсэлт байна.
Мөн ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой 261, шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах тухай 192 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэжээ.
Төрийн байгууллага, албан тушаалтан, иргэдээс нийт 1195 өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар өссөн. Нийт өргөдөл, гомдол, хүсэлтийн 67.1 хувь нь хүний нөөц, 1.5 хувь нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгахтай холбоотой байгаа бол 31.4 хувь нь бусад асуудлаар гаргасан өргөдөл, гомдол, хүсэлт байна.