Нийгэм
Менингококкын халдвараар өвдсөн хүүхдийн биеийн байдал маш хүнд байна

Менингококкын халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор Налайх дүүргийн онцгой комисс, Дүүргийн эрүүл мэндийн төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.
“Өчигдөр өглөө 8:30 цагт 3 нас 7 сартай эрэгтэй хүүхэд Налайх дүүргийн “Нарны эрч” өрхийн эрүүл мэндийн төвд маш өндөр халууралттай ирж үзүүлсэн. ХӨСҮТ-ийн лабораторид шинжилгээ өгснөөр нэгдүгээр сарын 29-ний 17 цагт шинжилгээний хариугаар менингит болох нь тогтоогдсон. Хүүхэд 28-ны шөнө халуурч хоносон бөгөөд өглөө биеэр нь тууралт гарсан. Одоогийн байдлаар хүүхдийн биеийн байдал маш хүнд байгаа ба хордлого ихтэй. Налайх дүүргийн халдвартын тасагт эрчимт эмчилгээнд эмчилж байна.”
Налайх дүүргийнхэн эрсдэлт бүлгийн ойрын болон холын хавьтлуудыг бүртгэж дууссан ба сэжигтэй тохиолдол одоогийн байдлаар гараагүй байна. Мөн 24 цагийн дотор 41 боловсролын байгууллагад ариутгал халдваргүйжүүлэлтийг хийжээ.
Хүүгийн явж байсан цэцэрлэг мөн цэцэрлэгийн байранд байдаг 160-р сургууль, тухайн хүүхдийн эгчийн сургууль гэсэн гурван байгууллагыг тусгаарлалтад авсан.
Өвчний нууц хугацаа 2-7 хоног байдаг. Тиймээс тухайн гурван байгууллага дээр 10 хоногийн хугацаанд хорио тогтоож хичээл сургуулийг хаажээ. Тохиолдол нэмэгдэн гарч ирвэл бүх сургууль цэцэрлэг боловсролын байгууллагуудыг хаах төлөвлөгөөтэй байгаа юм байна.
“Хүүхэд тань гэнэт өндөр халуурвал цэцэрлэг, сургуульд нь огт явуулалгүй дүүргийн юм уу өрхийн эмнэлэгт заавал үзүүлж оношоо тодруулаарай.
Менингококкын халдвар нь богино хугацаанд хурдан хүндэрдэг аюултай өвчин тул бага насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд халууны шилээ ойрхон байлгаж өндөр халуурвал биед нь тууралт гарсан эсэхийг шалгаарай. Тууралт нь доод мөчдөөс эхэлж гардаг ба гэрэлд мэдрэг, ноомой болох шинж тэмдэг илэрнэ” гэж зөвлөлөө.
Менингококкт халдвар нь арьсан дээрх өвөрмөц зөв биш хэлбэртэй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг, Neisseria meningitidis гэгдэх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин.
Хэрхэн халдварлах вэ?
Менингококкт халдвараар өвдсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж өвчин үүсгэнэ. Нууц үеийн хугацаа нь 3-10 хоног, дунджаар 5-7 хоног байдаг. Тус халдвараар бүх насны хүн өвчлөх эрсдэлтэй бөгөөд тав хүртэлх насны хүүхэд илүү өртөмтгий байдаг.
Ямар шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах вэ?
- Гэнэт 38-39 хэм ба түүнээс дээш өндөр халуурах
- Биеэр цусархаг тууралт гарах
- Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх
- Олон удаа бөөлжих
- Хоолонд дургүй болох, ядарч сульдах
- Татах
- Биед нь хүрэх, чанга дуу чимээ, хурц гэрэл зэрэгт цочрох
- Нэг хүртэлх насны хүүхдэд зулай төмбийж чинэрэх
Менингококкт халдвараар бүх насныхан өвчлөх эрсдэлтэй ч 5 хүртэлх насныхан илүү өртөмтгий. Тиймээс бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх нь зүй.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.