Нийгэм
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагаас гаргасан улирлын ерөнхий төлөвлөөр буюу хаврын саруудад нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас дулаан, хур тунадас харьцангуй багатай байх төлөв ажиглагдаж байгаа хэдий ч агаар мандлын төлөв богино хугацаанд хурдан өөрчлөгдөн агаарын температурын өдөр шөнө, хоног хоорондын зөрөө их, говь тал хээрийн бүс нутгаар салхи шуургатай байх магадлал өндөр байна.
Иймд малчид, ард иргэд хаврын цаг цагаарын хүндрэлээс урьдчилан сэргийлж, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэх, тал хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээгээ цаг тухай бүрд авч ашиглахыг зөвлөж байна.
Ирэх гуравдугаар сарын агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Дорноговийн нутаг, Архангайн ихэнх, Өвөрхангайн хойд хагаст олон жилийн дунджаас дулаан, бусад нутгийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховдын нутаг, Увсын баруун, Говь-Алтайн ихэнх, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Дорнод, Сүхбаатарын нутаг, Хэнтийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Дөрөвдүгээр сарын агаарын дундаж температур Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх, Увсын зүүн, Баянхонгорын хойд, Өвөрхангайн баруун хойд хэсгээр олон жилийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Өмнөговийн нутаг, Завханы баруун, Баянхонгор, Дундговийн өмнөд, Өвөрхангайн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Дорнодын өмнөд, Сүхбаатарын зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Тавдугаар сарын агаарын дундаж температур Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол тавдугаар сарын нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Ховдын нутаг, Говь–Алтайн ихэнх, Увс, Өмнөговийн баруун, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Нийгэм
ЭМЯ: Менингококк халдвар гарсан боловсролын байгууллагын танхимын сургалтыг 7 хоног цахимд шилжүүлэх санал гаргалаа
Нийслэлийн Налайх дүүрэгт 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Менингококк халдвар, нэн хүнд явцтай Менингококкцеми үжил, үжлийн шок, олон эрхтний дутагдал оноштой эмчлэгдэж байсан бага насны хүүхэд эндсэнд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Онцгой комисс, Эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд хамтран Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаалаар эрсдэлийн үнэлгээг хийхэд “ӨНДӨР” эрсдэлтэй гарчээ.
Иймд Налайх дүүргийн халдвар гарсан боловсролын байгууллагын танхимын сургалтыг 2025.02.03-2025.02.10 хүртэл /7 хоног/ хаах арга хэмжээ авч хэрэгжүүлэх санал Эрүүл мэндийн яамнаас хүргүүлж байна.
Халдварын голомтод Халдварт өвчин судлалын үндэсний төв, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн хамтарсан баг өвчний голомтод хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Менингококк халдвар нийслэлд бүртгэгдсэнээс улбаалан Эрүүл мэндийн яам, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг улсын эмнэлгүүдийн удирдлагуудад Менингококк халдварын тархалт, урьдчилан сэргийлэх чиглэлд хэрхэн ажиллах чиглэл өглөө.
Эрүүл мэндийн сайд 2025 оны 01 дүгээр сарын 03 өдөр Менингококк халдвартай холбоотой албан даалгавар гаргаж урьдчилан сэргийлэх, хүрээ тодорхойлох оношлуур хийхийг үүрэг болгосон байсан.
Одоогоор Баянгол дүүрэгт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол нь эмнэлзүйн шинж тэмдэг буюу өндөр халуурах шинж тэмдэггүй, биед тууралт гарсан шинж тэмдэгтэй, шинжилгээ хийгдэж байна.
Нийгэм
УЕПГ: 2024 онд 22.877 өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэлээ
Прокурорын байгууллагаас 2024 онд иргэн, хуулийн этгээд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 22.877 өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэлээ.
Үүнээс 82.3 хувь нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос, 3.3 хувь нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан гомдол, хүсэлт байна.
Мөн ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой 261, шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах тухай 192 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэжээ.
Төрийн байгууллага, албан тушаалтан, иргэдээс нийт 1195 өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар өссөн. Нийт өргөдөл, гомдол, хүсэлтийн 67.1 хувь нь хүний нөөц, 1.5 хувь нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгахтай холбоотой байгаа бол 31.4 хувь нь бусад асуудлаар гаргасан өргөдөл, гомдол, хүсэлт байна.