Нийгэм
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран ажиллах санал солилцлоо
Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн хөгжлийн томоохон төслүүдийг эрчимжүүлэхэд анхаарч буй. Энэ хүрээнд нийслэлийн ЗДТГ-ын дарга Д.Амгалан Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяртай уулзаж, нийслэл хотод болон иргэд, аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хамтарч ажиллах санал солилцлоо. Уулзалтад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, нийслэлийн ЗДТГ-ын дарга Д.Амгалан, ЗГХХГ-ын Үнэлгээ, мониторингийн газрын дарга Д.Үүрийнтуяа, Хууль, эрх зүйн газрын дарга Б.Аз, нийслэлийн ЗДТГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга Ү.Ганболд, нийслэлийн ЗДТГ-ын Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат, нийслэлийн ЗДТГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Баттулга нар оролцов.
Нийслэлийн ЗДТГ-ын дарга Д.Амгалан хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцоход таатай буйгаа илэрхийлж, Улаанбаатар хотын хөгжил дэвшил, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах чухал эхлэл тавигдаж буйг онцоллоо. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр нийслэлд тулгамдаад байгаа асуудлууд, хуулиас давсан дүрэм журам, бүртгэл, зөвшөөрлийг цэгцлэх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүндрэлгүй хүргэхэд чиг үүргийн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд Азийн бүтээмжийн байгууллагатай хамтран төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, хамтын ажиллагаагаа уялдуулан төлөвлөхөд анхаарч ажиллахаар болов.
Нийгэм
ЭМЯ: Менингококк халдвар гарсан боловсролын байгууллагын танхимын сургалтыг 7 хоног цахимд шилжүүлэх санал гаргалаа
Нийслэлийн Налайх дүүрэгт 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Менингококк халдвар, нэн хүнд явцтай Менингококкцеми үжил, үжлийн шок, олон эрхтний дутагдал оноштой эмчлэгдэж байсан бага насны хүүхэд эндсэнд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Онцгой комисс, Эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд хамтран Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаалаар эрсдэлийн үнэлгээг хийхэд “ӨНДӨР” эрсдэлтэй гарчээ.
Иймд Налайх дүүргийн халдвар гарсан боловсролын байгууллагын танхимын сургалтыг 2025.02.03-2025.02.10 хүртэл /7 хоног/ хаах арга хэмжээ авч хэрэгжүүлэх санал Эрүүл мэндийн яамнаас хүргүүлж байна.
Халдварын голомтод Халдварт өвчин судлалын үндэсний төв, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн хамтарсан баг өвчний голомтод хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Менингококк халдвар нийслэлд бүртгэгдсэнээс улбаалан Эрүүл мэндийн яам, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг улсын эмнэлгүүдийн удирдлагуудад Менингококк халдварын тархалт, урьдчилан сэргийлэх чиглэлд хэрхэн ажиллах чиглэл өглөө.
Эрүүл мэндийн сайд 2025 оны 01 дүгээр сарын 03 өдөр Менингококк халдвартай холбоотой албан даалгавар гаргаж урьдчилан сэргийлэх, хүрээ тодорхойлох оношлуур хийхийг үүрэг болгосон байсан.
Одоогоор Баянгол дүүрэгт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол нь эмнэлзүйн шинж тэмдэг буюу өндөр халуурах шинж тэмдэггүй, биед тууралт гарсан шинж тэмдэгтэй, шинжилгээ хийгдэж байна.
Нийгэм
УЕПГ: 2024 онд 22.877 өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэлээ
Прокурорын байгууллагаас 2024 онд иргэн, хуулийн этгээд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 22.877 өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэлээ.
Үүнээс 82.3 хувь нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос, 3.3 хувь нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан гомдол, хүсэлт байна.
Мөн ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой 261, шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах тухай 192 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэжээ.
Төрийн байгууллага, албан тушаалтан, иргэдээс нийт 1195 өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар өссөн. Нийт өргөдөл, гомдол, хүсэлтийн 67.1 хувь нь хүний нөөц, 1.5 хувь нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгахтай холбоотой байгаа бол 31.4 хувь нь бусад асуудлаар гаргасан өргөдөл, гомдол, хүсэлт байна.