Нийгэм
Нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо

Хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийн үйлчилгээний менежментийг сайжруулах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо. Өөрөөр хэлбэл, хог хаягдал тээвэрлэх ажлыг авто замын хөдөлгөөний ачаалалтай уялдуулан шөнийн цагийн хуваарьт шилжүүлээд байна.
УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Түгжрэл ихтэй өдрийн цагаар бус шөнийн цагаар хогийг ачиж тээвэрлэх нь зүйтэй гэж захирамж гарсан бөгөөд энэ дагуу чиглэл өгч ажиллаж байна. Хог хаягдлын менежментийг сайжруулахын тулд ангилан ялгаж, дахивар хаях хогийн савуудыг байршуулж, хог хаягдлыг зориулалтын машин, техникээр татах ажлуудыг нэгдүгээр улиралд багтаан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хог хаях соёлд иргэдийн оролцоо маш чухал. Машины цонхоор тамхины иш, бусад хог хаягдлыг хаяхгүй байх, зөвшөөрөлгүй газар хог хаяхгүй байх зэрэгт нэгдэж зөрчил гаргаж буй иргэнийг хороо, дүүрэгтээ мэдэгдэж хариуцлагатай хандах хэрэгтэй. Иймд, олон нийтийн газар ил задгай хог хаяхгүй байхыг уриалж байна” гэв. Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийг хогийг ялгаж хаях дадалд багаас нь сургах, зориулалтын саванд хог хаяж хэвшүүлэх тал дээр сургалт, зохион байгуулалтын ажлуудыг хийж байгааг мөн онцоллоо.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.