Нийгэм
Нийтийн албанд томилогдох 997 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 1 дүгээр сарын 27-31-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 997 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 413 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 584 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 67 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 15 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтын дагуу Нийслэлийн Боловсролын газар, Архангай аймгийн Булган сумын ИТХ-д хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан бичиг тус тус хүргүүлэв.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 12 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.
Улсын хэмжээнд ХАСХОМ бүрдүүлэх үйл ажиллагаа үргэлжилж байгаатай холбогдуулан танхим болон цахимын сургалт зохион байгуулж, 435 албан тушаалтныг хамрууллаа.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.