Нийгэм
Чоно агнахад төлбөрөөс чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллах чиглэл өглөө

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газартай хамтран Тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргаадын удирдлагууд болон аймгуудын Байгаль орчны газрын дарга нарыг оролцуулан цахим хурал зохион байгуулав.
Цахим хурлаар саарал чонын тоо толгой ихэссэнтэй холбогдуулан Амьтны тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд мал сүргийг хамгаалах тоо толгойг сийрэгжүүлэлт хийн чоно агнах талаар чиглэл өгч ажиллалаа.
2019-2024 оны хооронд аймгуудад 1056 саарал чоныг ахуйн зориулалтаар агнахаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрөл олгосноос аймгууд нийт 153 саарал чоныг агнасан байдаг.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т мал сүргийг хамгаалах болон тодорхой нутаг дэвсгэрт тоо толгойг сийрэгжүүлэх зорилгоор чоно агнахад төлбөрөөс чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллахыг чиглэл өглөө.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.