Нийгэм
Нийслэлийн мөсний шагай сонирхогчдын аварга шалгаруулах харваа тэмцээн эхэллээ

Олон зуун жилийн түүхтэй уламжлалт мөсний шагайн харвааг сэргээн хөгжүүлэх, харваачдын залгамж үеийг бэлтгэх, олон нийтэд сурталчлан цаашид төгөлдөржин хөгжих үндэс, нөхцөлийг бий болгох зорилгоор анх удаа нийслэлийн мөсний шагай сонирхогчдын аварга шалгаруулах харваа тэмцээнийг НИТХ, НЗДТГ болон Монголын Үндэсний Мөсний шагайн холбоо хамтран зохион байгуулж байна.
Тус тэмцээнд төвийн зургаан дүүргийн иргэд оролцох бөгөөд өчигдөр Хан-Уул дүүргийн иргэд мэргэнээ сорилоо.
Уг тэмцээн энэ сарын 22-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Тэмцээний зохион байгуулалтын талаар Монголын Үндэсний Мөсний шагайн холбооны дэд тэргүүн Б.Угтахбаяр “Тэмцээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 189 хорооны иргэд оролцож байгаа бөгөөд Туул, Дунд, Сэлбэ, Улиастайн гол дээр болно. Тодруулбал, баг тус бүр хоёр хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд 189 багийн 378 сонирхогч оролцож байгаа юм. Дүүрэг бүрээс оролцсон хамгийн өндөр оноотой таван баг энэ сарын 22-ны өдрийн 11:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох нийслэлийн мөсний шагай сонирхогчдын аварга шалгаруулах харваа тэмцээнд оролцон, аваргаа шалгаруулна” гэв.
Мөсний шагайн харвааны хөгжлийн талаар Монгол Улсын Үлэмж Дархан мэргэн Д.Ууганбаяр “Нууц товчоонд дурдсанчлан анх Чингис, Жамуха хоёр Онон голын мөсөн дээр шагай тоглож эхэлж байсан гэж ярьдаг. Түүнээс хойш 300 гаруй жилийн өмнө Архангай аймгийн Зая гэгээн энэ төрлийн наадгайг дэг журамд оруулж байсан түүхтэй. Ийнхүү өдгөө үндэсний үнэт өв, өвлийн спортын төрөл болтлоо хөгжиж чадсан. Мөсний шагай харвааны талбайг дэвжээ гэж нэрлэх бөгөөд дэвжээний өргөн 3-5 метр, урт 60-90 метр зайтай байдаг бөгөөд багт хуваагдан уламжлалын дагуу усны урсгал дагуу сум харвадаг. Уг спортоор хичээллэснээр цэвэр агаарт байхаас гадна дунджаар 20 шагайн сум тавихад 5-6 км алхсантай дүйцдэг. Мөн нүдний хараанд сайн зэрэг давуу талтай” гэлээ.
Тэмцээний оролцогч, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн Б.Батсайхан “Манай Архангай аймагт мөсөн шагайг эрт дээр үеэс тоглож эхэлсэн түүхтэй. Тэр ч утгаараа сонирхогчийн түвшинд өмнө нь нэг удаа шагай харваж байсан. Харин өнөөдөр анхны тэмцээнд өөрийгөө сорьж байна. Эл спортын төрөл нь идэр есийн хүйтэнд гол хөлдөхөөр болдог учир монгол эр хүний тэсвэр тэвчээрийг сорьдог онцлогтой” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.