Нийгэм
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах уриалгад Бороогоулд ХХК нэгдэж, аж ахуйн нэгжүүдээс анхдагчдын нэг боллоо

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах уриалгад “Бороогоулд” ХХК сайн дураараа нэгдэн орлоо.

Монгол Улсын Засгийн Газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо”-г байгуулж, агаарын бохирдлыг бууруулахад аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллах уриалга гаргасан юм. Тус уриалгад Бороогоулд ХХК ийнхүү өнөөдөр нэгдэж, “Орчны бохирдлыг бууруулах нийгмийн хариуцлагын хамтын гэрээ”-нд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Амгалан, Бороогоулд ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнбадам нар гарын үсэг зурлаа.

Улаанбаатар хот нь дэлхийн улс орнуудын дунд хамгийн их агаарын бохирдолтой хотын тоонд ордог бөгөөд Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь амьдардаг. Энэ утгаараа Бороогоулд ХХК-ийн энэхүү хувь нэмэр нийт хүн амын эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн нийгмийн хариуцлагын хүрээнд оруулах томоохон хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

“Бороогоулд” ХХК нь жилдээ 100 гаруй тэрбум төгрөгийн татвар, төлбөр болон хураамжийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг бөгөөд үүсэн байгуулагдсан 27 жилийн хугацаандаа 2 их наяд төгрөгийн өгөөжийг Монгол Улсад оруулсан байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.