Нийгэм
Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг киоск машинаас хэвлэх боломжтой боллоо

Гадаадын иргэн, харьяатын газар 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлж, үйлчлүүлэгчдийн цаг, зардлыг хэмнэx, үйлчилгээний төвлөрлийг сааруулаx зорилгоор гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг хотын төвд буюу Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний төвд нэгдсэн байдлаар олгож буй.
Тэгвэл энэ удаад гадаадын иргэний оршин суух үнэмлэх олгох сувгийг нэмэгдүүлж, оршин суух үнэмлэхээ өөрөө хэвлэн авах боломжтой киоск машиныг Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 11-р байранд байрлах Хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээний төвд байршуулж, үйлчилгээнд нэвтрүүллээ.
Уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд үйлчилгээний цахим системээр гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл шинээр авах, сунгах, хэлбэр, төрөл, уригч өөрчлөх, үнэмлэх дахин авах хүсэлт гаргахдаа “Оршин суух үнэмлэх хэвлэх киоск машин” сонголтыг хийх бөгөөд хүсэлт зөвшөөрөгдөж, хэвлэгдсэн талаар мэдэгдэл очсоны дараагаар киоск машинаас оршин суух үнэмлэхээ хэвлэн авах боломжтой болох юм.
Оршин суух үнэмлэх хэвлэхдээ хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч /хүсэлт илгээсэн иргэн/ нь өөрийн регистрийн дугаар болон ДАН системд бүртгэлтэй утасны дугаарыг оруулах бөгөөд тухайн утасны дугаарт нэг удаагийн код ирснээр баталгаажуулалт хийгдэж систем рүү нэвтэрнэ. Ингэснээр гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг 2-5 минутыг дотор хурдан шуурхай, газар дээр нь хэвлэн авах боломж бүрдэж байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.