Нийгэм
“Залуус 1” 5600 айлын орон сууцны төслийг хөрөнгө оруулагчид сонирхож байна

Засгийн газар ирэх дөрвөн жилд 150 мянган айлын орон сууц барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Нийслэлийн төвлөрлийг сааруулах, шинэ суурьшлын бүсүүдийг хөгжүүлэх, иргэдийн орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой орон сууцны төслүүдийн нэг нь “Залуус 1” хороолол юм.
Нийт 5600 айлын уг хотхоныг нийслэлийн Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутагт байрлах 57 га талбайд барих юм.
Эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, үйлчилгээний байгууламж, спорт комплекс, мэдээлэл технологийн парк, төрийн зарим байгууллагыг тэнд төвлөрүүлэхээр зорьсон.
Энэхүү төслийг сонирхогчдын нэг болох БНХАУ-ын “Пауэр Чайна-Чэнгдү” ХХК-ийн төлөөллийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Дээрх орон сууцны төслийн техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа, эх загвар зураг боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын даалгавар бэлэн болоод байгаа юм гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдээллээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.