Нийгэм
Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ

Нийслэлийн ИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Л.Ариунтуяа хэлэлцэх асуудлыг танилцууллаа. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах хэд хэдэн асуудлыг танилцуулж, хорооны гишүүдэд мэдээлэл өгч, тайлбар хийлээ. Төслийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын эзэмшлийн газарт хийн түлшний станц байгуулах талаар хэлэлцэв. Мөн Нийслэлийн ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Амгалан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 17-р бага хурал (COP-17)-ыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын эзэмшил газарт зохион байгуулах зөвшөөрөл олгох тухай асуудлыг танилцуулж, мэдээлэл өглөө. Үүний дараа хорооны гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийллээ. НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүн Б.Ану-Үжин тухайн төлөвлөсөн газарт айлын эзэмшил газар эсэх талаар тодруулсан бол төлөөлөгч, хорооны гишүүн Т.Батцогт “Томоохон төсөл хэрэгжүүлэх гэж байгаа нь сайн ч юм л бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт халдах нь зохимжгүй. Өөр гарц гаргалгаа судалж үзсэн үү” гэдгийг онцлон асуулаа. Харин төлөөлөгч, хорооны гишүүн Ж.Батбаясгалан “Захиргааны байгууллагууд хэлэлцэж буй асуудалд төлөөлөгчдөөс гаргасан саналыг тусгахгүй, судалж ч үзэхгүй хорооны хурлаар дахин дутуу дулимаг оруулж ирж байна. Үеийн үед НИТХ-ын төлөөлөгчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг хамгаалж, зохистой дэд бүтэц хийхийг эрмэлзэж ирсэн.Өмнөх үеэ одоогийн удирдлагууд нь үгүйсгэж, ажил хийхдээ шалтаг тоочмооргүй байна” гэлээ.
Хэлэлцсэн асуудал:
- Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай (Багахангай дүүрэгт 104.2 га)
- Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай (Багануур дүүрэгт 636 га)
- Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай
- Төслийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай (Нийслэлийн Боловсролын газрын эзэмшлийн газрын талаар)
- Төслийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай (Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын эзэмшлийн газрын талаар)
- Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 17-р бага хурал (COP-17)-ыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын эзэмшил газарт зохион байгуулах зөвшөөрөл олгох тухай

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.