Нийгэм
Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулганд өргөн мэдүүлнэ

“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Халамжаас хөдөлмөрт шилжих бодлоготой уялдуулан хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйлчилгээний эрх зүйн орчныг шинэчилж, ядуурлыг бууруулах бодлого баримтална” гэж заасан.
Энэ дагуу Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул ахлан, судалгааны дэд ажлын хэсэгт судлаач, багш, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа.
Хуулийн төсөл нь хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйлчилгээг нийгмийн халамжийн бодлогоос салгах, нийгмийн халамжийн арга хэмжээг хөдөлмөр эрхлэлттэй уялдуулах замаар өрх, иргэдийг ядуурлаас гаргах, хүн амын ядуу, эмзэг байдалд өртсөн зорилтот өрх, иргэний амьжиргааг дэмжих, бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн бэлэн мөнгөний бус үйлчилгээнүүдийг нэмэгдүүлэх бодлогыг баримтлан боловсруулсан.
Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хэлтсийн Нийгмийн халамжийн хэлтэс, албадын дарга нар, 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудад танилцуулан, хэлэлцүүлж, санал авч ажиллалаа.
Хуулийн төсөлд оролцогч талуудын саналыг тусган, 2025 оны хаврын чуулганд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.