Нийгэм
Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйлчилгээг ажиллуулах Зөвлөмж хүргүүлэв

Авлигатай тэмцэх газраас нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйлчилгээг ажиллуулахтай холбоотой дүрэм, журмуудыг хянан үзэж, Зөвлөмж хүргүүлэв.
“Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам”-ыг нийслэлийн ИТХ-ын тогтоолоор батлан мөрдөгдөж байх атал Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/840 дугаартай захирамжаар “Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн зогсоол ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журам”-ыг батлан мөрдөж байгаа нь нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйлчилгээний эрх зүйн зохицуулалтыг дахин давхардуулан журамлажээ. Эдгээр нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд батлагдаагүй, дүрэм, журмын ойлгомжгүй зохицуулалтыг бий болгосон, хүчингүй болсон хууль тогтоомжийн заалтуудыг үндэслэл болгосон байх тул эрх зүйн зохицуулалтыг хуульд нийцүүлэх, аливаа давхцалыг арилгаж, нэг мөр ойлгомжтой болгох шаардлагатай байна.
Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах эрх зүйн зохицуулалтыг шинэчлэн батлах, хуульд нийцүүлэх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Авлигатай тэмцэх газраас зөвлөв. Тухайлбал, журмын зүйл, заалтуудыг Авто замын тухай, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуультай нийцүүлэх, төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг иргэдэд ойлгомжтой байдлаар журамлан тогтоох, мөрдөж буй зохицуулалтыг хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд нийцүүлж шинэчлэн, хүчин төгөлдөр бус журмыг хүчингүй болгох, хяналт тавих чиг үүргийг давхардуулан зохицуулсныг ойлгомжтой байдлаар нэгтгэн шийдвэрлэх, үйлчилгээний төлбөрийг тогтоохдоо төлбөрийн хууль, дүрэм журам, аргачлал, эдийн засгийн үзүүлэлт, судалгаанд үндэслэн хүн амын амьжиргааны түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ зэрэгтэй уялдуулан тогтоох, зогсоолын үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаруулах, ил тод болгох, олон нийтийг мэдээллээр хангах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр Зөвлөмжийг хүргүүллээ гэж АТГ-аас мэдээллээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.