Нийгэм
Татвараас зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2025 оны хоёрдугаар сарын 17-21-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 49050, мөрдөн байцаалтын 2907 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 126, Өмчлөх эрхийн эсрэг 87, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 85, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Авлига, албан тушаалын болон Хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр 5, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 3 хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
– Нийслэлийн прокурорын газраас Төрийн өмчит үйлдвэрийн газрын нэр бүхий охин компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Б нь 2019 онд 800 сая төгрөгөөр орон сууц, авто зогсоолын хамт худалдан авч, хамаарал бүхий хүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан, өөрийн хөрөнгө орлогыг их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй хэрэгт Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
– Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Р” ХХК-ийн захирал Б.Л нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор эд хөрөнгө, бараа үйлчилгээ худалдан авсан мэтээр хуурамч баримт бичиж, татвар ногдох орлого буюу 741 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлэн 74.1 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
– Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор эд хөрөнгө, бараа үйлчилгээ худалдан авсан мэтээр хуурамч баримт бичиж, татвар ногдох орлого буюу 581 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлэн 58.1 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд,
– Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг “У” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.А нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтран баталсан хортой бодисын жагсаалтад багтсан хүхрийн хүчил, натрийн сульфид, аммиак зэрэг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Хэнтий аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд тус тус шилжүүллээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.