Улс төр
Чехэд “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 29 оюутан суралцаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн буй төрийн айлчлалынхаа үеэр “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан Чех Улсын их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудтай уулзлаа.
29 оюутны найм нь Прага хотын Техникийн их сургуульд барилгын инженер, компьютерын шинжлэх ухааны чиглэлээр сурч байгаа бол 21 нь Карлын их сургуулийн Подебрад хотын Хэл, мэргэжлийн сургалтын төвд чех хэлний бэлтгэлд хамрагдаж байна.
Эдгээр оюутан ирэх намраас их, дээд сургуулиудад цөмийн инженер, компьютерын шинжлэх ухаан, хүнсний чанар-аюулгүй байдал, статистик зэрэг сонгосон мэргэжлээрээ суралцах юм.
Өнөөдрийн уулзалтад мөн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан ХБНГУ-д жил гаруй суралцаж байгаа дөрвөн оюутан ирсэн байлаа. Тэд бүх хичээлдээ онц сурч байгаа сургуулийн удирдлага нь уламжиллаа.
Ард түмнийхээ итгэл, найдварыг дааж, хичээл номдоо шамдан, улмаар эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг Ерөнхийлөгч хүслээ. Мөн оюутан залуусыг эх орныхоо ирээдүйг авч явах манлайлагчид болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийллээ.
Төрийн айлчлалын үер хоёр улсын салбарын яам хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу ”Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнуудын Чехийн төрийн өмчийн их, дээд сургуульд суралцах боломжийг нэмэхээр болсон юм.
Мөн оюутан, багш, судлаачдыг богино хугацааны сургалтад харилцан хамруулах, хоёр улсын хэл, соёлоос суралцах, мэдлэгийг гүнзгийрүүлэх зорилгоор жил бүр хэл зүй, уран зохиолын зуны сургалт зохионо.
2023-2024 оны хичээлийн жилд Чехийн их, дээд сургуулиудад манай улсын 120 гаруй оюутан суралцсан байна.
МУИС 1992 оноос чех судлаач, олон улсын харилцааны мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. 2006-2007 онд Чехийн хөгжлийн агентлагийн төслөөр Чех судлалын төвийг шинэчлэн байгуулж, ном, сурах бичиг, гарын авлагаар ханган, хичээлийн материаллаг баазыг нь сайжруулж, мэргэжилтэн багш ажиллуулах болсон юм.
2023 оноос Слав судлалын тэнхимд чех хэлний багш ажиллаж байна. 1955 оноос хойш Чехословак Улсад 20 мянга гаруй монгол иргэн суралцсан бөгөөд 300 гаруй нь дээд боловсрол эзэмшиж, 30 орчим нь эрдмийн зэрэг хамгаалсан байна.
Тус улс 1989 оныг хүртэл жил бүр 40 оюутан, техникумын суралцагч, мэргэжил дээшлүүлэгч, аспирант хүлээн авч, сургаж байсан юм.

Улс төр
СЕХ: 67 мандатад нөхөн сонгууль зохион байгуулна

Улс төр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар 2025 оны 03 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр Варшав хотноо хүрэлцэн ирлээ.
Ерөнхийлөгчийг Варшав хотын “Фредерик Шопен” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон улсын бодлогын товчооны дарга Войцех Коларски нар угтаж авлаа.
Энэ удаагийн айлчлал Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд тус улсад 12 жилийн дараа хийж буй айлчлал юм.
Хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө. Ерөнхийлөгч мөн Польшийн Парламент, Засгийн тэргүүн нартай уулзана.
Айлчлалаар уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулахын зэрэгцээ эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, палеонтологи, археологи, хэвлэл мэдээлэл, соёл, кино урлаг зэрэг салбарт хамтран ажиллах тухай 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Түүнчлэн Варшав хотноо Морин хуур найрал хөгжим тоглолтоо сонирхуулж, хоёр улсын Худалдааны танхим хамтран бизнес форум зохион байгуулна.
Манай улсаас 1999 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, польшийн талаас 2008 онд Ерөнхийлөгч Л.Качиньски, 2013 онд Ерөнхийлөгч Б.Коморовски, 2023 онд Ерөнхийлөгч А.Дуда айлчилсан юм.
Улс төр
Татвараа төлөөгүй бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ

“Зөвшөөрлийн зөвлөл” өнөөдөр (2025.03.12) цахимаар хуралдлаа. Хуралдаанаар төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн татвар төлөлтийн асуудлыг хэлэлцэв.
Хууль зүй, дотоод хэргийн яам төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2022 онд “Тэмп партнерс” ХХК, 2023 онд “Эн Зэт Жи Эм” ХХК, 2023 онд “Мон Экс Бэй Ти Билэг” ХХК-д олгосон байдаг.
Онцгой албан татварын тухай хуулийн 6.5-д Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг цахим, интернэт, үүрэн телефоны сүлжээ ашиглан эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд сар тутам 36250000 (Гучин зургаан сая хоёр зуун тавин мянган) төгрөгтэй тэнцэх хэмжээгээр онцгой албан татвар ногдуулахаар тусгасан. Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар татвар төлөх ёстой.
Гэтэл дээрх тусгай зөвшөөрөлтэй компаниуд нь Сангийн яам, татварын байгууллагаас өгсөн мэдээллээр тусгай зөвшөөрөл авснаасаа хойш нэг ч татвар төлөөгүй байна. Өөрөөр хэлбэл “Тэмп партнерс”, “Эн Зэт Жи Эм” ХХК, “Мон Экс Бэй Ти Билэг” ХХК нь хоёр жилийн хугацаанд нийт 3.4 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлээгүй байна.
Энэ нь Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэл болж байгаа юм. Тиймээс ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн яаманд дээрх үндэслэлээр тус компаниудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлэхээр боллоо.
-
Улс төр23 цаг өмнө
Татвараа төлөөгүй бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ
-
Улс төр5 цаг өмнө
СЕХ: 67 мандатад нөхөн сонгууль зохион байгуулна
-
Нийгэм6 цаг өмнө
Гал түймэрт өртөж орон гэрээ алдсан 18 айлд иж бүрэн гэр олголоо
-
Улс төр6 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
-
Энтертайнмент6 цаг өмнө
Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмаас алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ
-
Энтертайнмент6 цаг өмнө
Шатрын 2025 оны оюутны УАШТ маргааш эхэлнэ