Улс төр
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойл нар албан ёсны уулзалт хийв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлал эхэллээ.
Тэрбээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Эрхэмсэг ноён Л.Хойлтой 2025 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Уэстминстерийн ордонд албан ёсны уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бүхий л салбарт идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, дээд түвшний айлчлалууд, харилцан ойлголцол бэхжиж байгааг онцлов.
Мөн хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа Тамгын газар болон Парламентын бүлэг хоорондын харилцааг идэвхжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шинээр байгуулагдсан Улсын Их Хурлын тавьж буй зорилт, парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй “Гурван төгөлдөршил” бодлого болон Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд зорилгоор хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, эрх зүйн орчны шинэчлэлийн талаар танилцууллаа.
Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойл урилгыг нь хүлээн авч тус улсад УИХ-ын даргын анхны албан ёсны айлчлалыг хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлж, уг айлчлал хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Улс төр
У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цэнхэр алт” үндэсний хоёрдугаар чуулганыг “Мөстөл, мөсөн голоо хамгаалъя” уриан дор Төрийн ордонд зохион байгуулж байна.
Чуулганаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход усны нөөцийн нэгдсэн менежментийн тулгамдаж буй асуудал, усны нөөцийн жигд хуваарилалтыг шийдвэрлэх арга зам, мөстөл, мөсөн гол, цэвдгийн төлөв байдал, хайлалт, өөрчлөлт, ирээдүйн хандлага болон усны салбар дахь төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, цаашдын зорилтыг хэлэлцэх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж үг хэллээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөр ган гачиг, усны үер, мөстлийн хайлалт эрчимжин, усны нөөцөд сөрөг нөлөө үзүүлж, хязгаарлагдмал усны нөөц, ус ашиглалт, бохирдол зэрэг нь тулгамдсан асуудал болоод байна.
Тухайлбал Алтайн уулсын мөнх цас, мөсөн голын талбай 1940 оноос хойш 40 орчим хувиар багасжээ.
Тиймээс Ерөнхийлөгч, мөнх цас, мөсөн голыг хамгаалж, мөстлийн хайлалтын усыг хуримтлуулах, цаашид үүсэх боломжит нууруудыг тооцоолох, мөстлийг хайлуулахгүй хадгалах технологи нутагшуулах, усны бохирдлыг бууруулах, бохир усыг цэвэршүүлэх, дахин ашиглах тогтолцоо нэвтрүүлэх ёстой гэж үздэгээ хэллээ.
Мөн усны салбарын зорилт, төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд салбарынхны санал, санаачилга, манлайлал, төр, засаг, хувийн хэвшил, олон улсын байгууллагын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал байгааг тэмдэглэлээ.
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилготой “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт” хөдөлгөөн хэрэгжиж байгаа.
Одоо усны салбарт “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой гэж үздэгээ илэрхийллээ.
Мөн уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд амласан модоо эрчимтэй тарьж, ургуулах нь чухал байгааг санууллаа.
“Цэнхэр алт” үндэсний хоёрдугаар чуулганаар хэлэлцсэн асуудал болон “Нэг нуур, Нэг сум-333 нуур”, “Дусал бүр” уриалгыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх зэргийг хэлэлцэн зөвлөмж гаргана.
Чуулганд усны салбарын төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагын 1,200 гаруй хүн оролцож байна.
Улс төр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Хиймэл дагуулын хэрэглээний хурдасгуур” инновацын төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Британийн Засгийн газрын “Хиймэл дагуулын хэрэглээний хурдасгуур” инновацын төвийн үйл ажиллагаатай 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр танилцав.
Уг инновацын төв нь сансрын техник, технологийг хөгжүүлэх, түүний хэрэглээг өргөжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба энэхүү нэр хүндтэй байгууллагад Монгол Улсын иргэн Б.Марал ахлах зөвлөхөөр ажилладаг. Их Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэгээр нэрлэгдсэн тэрбээр хиймэл дагуулын өгөгдөл дээр судалгаа, шинжилгээ хийж байна. Б.Марал нь Оксфордын их сургуульд докторын зэрэг хамгаалж, “Keeley Scholar” хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртжээ.
“Хиймэл дагуулын хэрэглээний хурдасгуур” инновацын төв нь дэлхий нийт анх хиймэл дагуул хөөргөж эхэлсэн үе буюу 1970 оноос хойших өгөгдлүүдэд тулгуурлаж, хувийн хэвшлүүдтэй хамтран байгаль орчин, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, уул уурхай зэрэг олон салбарт судалгаа хийдэг. Тодруулбал, газар тариалан эрхлэх боломжтой хөрс сонгох, эрчим хүчний салбарт нар, салхины цахилгааны станц байгуулахад өндөр үр ашиг өгөхүйц байрлалыг сонгох, уул уурхайн үйл ажиллагаа байгаль орчинд хэрхэн нөлөөлж буйг судлах гээд олон чухал судалгааг хиймэл дагуулын өгөгдөлд тулгуурлан явуулж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тус төвийн үйл ажиллагаатай танилцах үеэр хамтын ажиллагааны шинэ чиглэл болох хиймэл оюун ухаан, өндөр технологи, ногоон хөгжил, хөдөлмөрийн зах зээл зэрэг салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфорд хотноо Монгол судлаачидтай уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Оксфорд хотод ажиллав.
Энэ үеэр Оксфордын их сургуулийн захирал Уильям Хейг, Газарзүй, байгаль орчны сургуулийн захирал, профессор Жайлс Вигс нар бараалхлаа. Монгол Улсын боловсролын салбарт тавьж буй зорилтууд, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн болон цаашид хамтран ажиллах боломжтой судалгааны чиглэлийн талаар санал солилцов.
Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфордын их сургуулийн Газарзүй, байгаль орчны сургуулиас 7 дахь удаагаа зохион байгуулж буй “Говь цөлөрхөг нутагт амьдарч буй улс орнуудын иргэдийн ахуй амьдралыг судалдаг судлаачдын олон улсын бага хурал”-д оролцож байгаа монгол судлаачидтай уулзаж, тэдний судалгааны ажилтай танилцлаа.
Монгол судлаачдын хийж буй судалгаа, шинжилгээ нь хэл шинжлэл, утга зохиолын салбараар хязгаарлагдах бус газар зүй, уур амьсгалын өөрчлөлт, дэвшилтэт технологи гээд маш олон чиглэлд хөгжиж байна. УИХ-ын даргын зүгээс Монгол судлаачдын гаргаж буй судалгаа тооцооллыг төрийн бодлого шийдвэрт ашиглах нь нэн чухал гэдгийг уулзалтын үеэр онцоллоо.
Оксфордын их сургууль нь боловсрол, судалгааны салбарт дэлхийд тэргүүлдэг бөгөөд 45 коллеж, эрдэм шинжилгээний тэнхим, судалгааны төвтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Улс төр24 цаг өмнө
ДЭМБ-с тамхины татварын хэмжээг 75 хүртэлх хувиар нэмэгдүүлэх боломжтой гэжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улаанбаатар хотын хэмжээнд хаврын их цэвэрлэгээ маргааш эхэлнэ
-
Нийгэм8 цаг өмнө
БНБУ-ын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа
-
Улс төр8 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфорд хотноо Монгол судлаачидтай уулзлаа
-
Нийгэм6 цаг өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд
-
Нийгэм5 цаг өмнө
Таван чиглэлд нийтийн тээврийн автобусны нэгдүгээр эгнээг үе шаттай өргөтгөнө
-
Улс төр2 цаг өмнө
У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
-
Нийгэм8 цаг өмнө
Кирсти Ковентри Олон улсын олимпын хорооны анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдлоо