Улс төр
“Оюу толгой” дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оюу толгойн гүний уурхайд ажиллалаа.
“Оюу толгой” ХХК 2022 онд гүний уурхайг нээж, өнгөрсөн онд 124 дэх хүдэр буулгуурын тэсэлгээ хийсэн байна. 2025 онд уурхайн олборлолт өмнөх оноос 50 хувиар нэмэгдэн зэсийн баяжмалын үйлдвэрлэл өсжээ.
2028-2030 онд гүний болон ил уурхайгаас жилд дунджаар 500 мянган тн зэс үйлдвэрлэх төлөвтэй байна.
Өөрөөр хэлбэл оргил үедээ өдөрт 17,000 цахилгаан автомашин үйлдвэрлэх хэмжээний зэс үйлдвэрлэдэг дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох юм.
1,300 метрийн гүнд дэлхийд тэргүүлэх бүтээн байгуулалтыг амжилттай хийсэн монгол залуус, гадаадын мэргэжилтнүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.
Энэ бүтээн байгуулалт уул уурхайн салбарт сайн жишиг болон хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.
Оюу толгойн уурхайн үйлдвэрлэл, олборлолт жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд дэлхийд тэргүүлэх өндөр технологийг нэвтрүүлэн, аюулгүй ажиллагааг бүрэн ханган ажиллаж байгаа нь уурхайн нийт хамт олны хүч хөдөлмөр, хүчин зүтгэл гэдгийг онцоллоо.
Цаашид илүү олон аж ахуйн нэгж, иргэн, баялаг бүтээгчтэй хамтран ажиллаж, тэдний бизнесийг дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
“Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, Оюу толгойн ордоос олборлож байгаа зэс ногоон хөгжилд Монгол Улсын оруулж байгаа хувь нэмэр. Энд үйлдвэрлэсэн зэсийн баяжмал дэлхий дахинд салхин сэнс, цахилгаан тээврийн хэрэгсэл, сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцийн амин чухал орц гэдгийг хэллээ.
“Рио Тинто” групп Оюу толгойд 2023 оны байдлаар 17 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байна. 2010 оноос хойш 12 их наяд төгрөгийн татвар төлсөн.
2024 оны дөрөвдүгээр улиралд 1,000 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, нэг их наяд төгрөгийн худалдан авалт хийжээ.
Өмнөговь аймагт гэхэд л 2010 оноос хойш 4.9 их наяд төгрөгийн бараа үйлчилгээ авч, 354 төсөлд 187 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Мөн Ханбогдын хөгжлийг дэмжих хурдасгуур сан байгуулан 170 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж байна.
Оюу толгойд 20 гаруй мянган хүн ажиллаж байгаагийн 97 хувь нь монголчууд, үүнээс 25 хувь нь Өмнөговь аймгийн иргэд юм. Нийт ажилчдын 23 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд ирэх 10 жилд энэ тоог 50 хувьд хүргэхээр төлөвлөжээ.
2014-2024 оны байдлаар Оюу Толгой төсөл манай улсын нийт экспортын орлогын 17 орчим хувь, эрдэс бүтээгдэхүүний экспортын 20 хувь, гадаад валютын нөөцийн 44 хувийг бүрдүүлсэн байна.
2024-2051 онд энэ төслөөс манай улсын хүртэх нийт өгөөж 11.9 тэрбум ам.доллар болох юм.
Тус компани “Өмнийн говийн гүний уурхайн институт” байгуулж, уул уурхайн салбарын дэлхийд өрсөлдөх чадвартай, дотоод, гадаадын боловсон хүчин бэлтгэж эхэлжээ.
“Оюу толгой” ХХК 20 сая гаруй мод тарьж, ургуулаад байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Оюу толгойн гүний уурхайд ажиллах үеэр “Оюу толгой” ХХК “100 сая мод” хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг танилцууллаа.
Тус компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарьж, ургуулах амлалт авсан.
Хариуцлагагүй уул уурхайгаас болж сүйдсэн болон доройтсон газрыг нөхөн сэргээж, ойжуулах зорилгоор “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөр хэрэгжүүлэн 63.5 сая мод тарина. Мөн ойн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдэх, техникийн туслалцаа үзүүлэх замаар 40 сая модтой дүйцэх хөрөнгө оруулах юм.
Энэ хүрээнд 2022 оноос хойш 20.5 сая модыг бодитоор болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж, ургуулаад байна.
Мөн:
·Ханбогд, Цогт-Овоо суманд жилд 750,000 тарьц, суулгац бойжуулах хүчин чадалтай мод үржүүлгийн газар байгуулсан,
·Энэ онд Манлай, Баян-Овоо, Сэврэй суманд тус бүр 250,000-500,000 тарьц, суулгац бойжуулах хүчин чадалтай мод үржүүлгийн газар байгуулна,
·Богд уулын тусгай хамгаалалттай газрын 70 га талбайд 175,000 мод тарьсан,
·2023 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг хөндийд уурхайн олборлолтоос эвдэрч орхигдсон 400 га талбайг нөхөн сэргээсэн,
·2024 онд Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор суманд 215 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн,
·1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 48 багц тоног төхөөрөмжийг Ойн газарт хүлээлгэн өгсөн байна.
“Рио Тинто Монгол” компани 300 гаруй га газарт агаараас хор цацаж, 750 сая модыг хөнөөлт шавжаас хамгаалсан.
Цаашид говийн бүсийг усаар хангах зорилгоор “Хэрлэн тооно” төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна. Компани 2050 он гэхэд хүлэмжийн хийг тэглэх зорилт тавьжээ.

Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.
1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.
Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.
Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.
2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
Улс төр
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.
Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.
Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцов.
Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.