Улс төр
ДЭМБ-с тамхины татварын хэмжээг 75 хүртэлх хувиар нэмэгдүүлэх боломжтой гэжээ

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 110 дугаар захирамжаар байгуулагдсан “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2025.03.20/ хуралдлаа.
Хуралдааны эхэнд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг Монгол Улс дахь тамхины онцгой албан татварын бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, Тамхины хяналтын тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлан, ажлын хэсгийн тайлангийн төслийг хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулав.
Өнөөдрийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Д.Ганмаа, Г.Дамдинням, Б.Мөнхсоёл, О.Саранчулуун нар оролцсон.
Хуралдааны эхэнд Сангийн яамны Татварын бодлогын газрын мэргэжилтэн Т.Анхбаяр Монгол Улс дахь тамхины онцгой албан татварын бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хийсэн хоёр хоногийн сургалтаар хөндөн ярилцсан асуудлаа товч танилцууллаа. Энэ хүрээнд янжуур болон электрон тамхины талаарх татварын загварчлалыг гаргаж ярилцсан гээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ төрлийн татварын хэмжээг 75 хүртэлх хувиар нэмэгдүүлэх боломжтой гэснийг уламжлав.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал солилцсон. Гишүүд олон улсад янжуур болон электрон тамхины татварын хувь хэмжээний харьцаа ямар байгааг болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу тамхины онцгой албан татварын хувь хэмжээг 75 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн олон улсын жишиг буй эсэх, онцгой албан татвараас бүрдсэн төсвийн бүрдүүлэлт, зарцуулалтын талаар хөндөж, тодруулж байв. Мөн хуулийн зорилтыг тодорхой болгох, тамхины татварыг ногдуулахдаа шалгуур, хэмжих нэгжийг нарийвчлан тодорхойлох шаардлагатайг дурдахын зэрэгцээ ялангуяа электрон тамхины утааны дам тахимдалтад өртөж буй хүмүүсийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх судалгаа хийсэн эсэхийг лавлаж байв.
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Судалгааны хэлтсийн зөвлөх Г.Билгээ Тамхины хяналтын тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний талаар танилцуулсан. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй уг хуулийн 6.7.7, 6.7.8, 6.7.12, 6.7.14, 9.1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийг хамруулан хэрэгжилтэд үнэлгээ, судалгаа хийснийг онцолсон. Хуулийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайлангийн дүгнэлтэд, төрийн хяналтын хэрэгжилт хангалтгүй, үүрэг хүлээсэн байгууллагуудын уялдаа холбоо сул, аж ахуйн нэгж байгууллагын хариуцлага сул, бизнесийн ашиг давамгайлсан, олон нийтийн хяналт хангалтгүй байгааг дурдсан байлаа. Түүнчлэн тамхины үйл ажиллагаанд тавих шаардлага тогтмол зөрчигдөхийн зэрэгцээ олон нийтийн газар тамхи татах зөрчил өндөр хэвээр байна гэжээ.
Хуралдааны төгсгөлд Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийн тайлангийн төслийг хэлэлцэн шийдвэрлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Улс төр
У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цэнхэр алт” үндэсний хоёрдугаар чуулганыг “Мөстөл, мөсөн голоо хамгаалъя” уриан дор Төрийн ордонд зохион байгуулж байна.
Чуулганаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход усны нөөцийн нэгдсэн менежментийн тулгамдаж буй асуудал, усны нөөцийн жигд хуваарилалтыг шийдвэрлэх арга зам, мөстөл, мөсөн гол, цэвдгийн төлөв байдал, хайлалт, өөрчлөлт, ирээдүйн хандлага болон усны салбар дахь төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, цаашдын зорилтыг хэлэлцэх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж үг хэллээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөр ган гачиг, усны үер, мөстлийн хайлалт эрчимжин, усны нөөцөд сөрөг нөлөө үзүүлж, хязгаарлагдмал усны нөөц, ус ашиглалт, бохирдол зэрэг нь тулгамдсан асуудал болоод байна.
Тухайлбал Алтайн уулсын мөнх цас, мөсөн голын талбай 1940 оноос хойш 40 орчим хувиар багасжээ.
Тиймээс Ерөнхийлөгч, мөнх цас, мөсөн голыг хамгаалж, мөстлийн хайлалтын усыг хуримтлуулах, цаашид үүсэх боломжит нууруудыг тооцоолох, мөстлийг хайлуулахгүй хадгалах технологи нутагшуулах, усны бохирдлыг бууруулах, бохир усыг цэвэршүүлэх, дахин ашиглах тогтолцоо нэвтрүүлэх ёстой гэж үздэгээ хэллээ.
Мөн усны салбарын зорилт, төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд салбарынхны санал, санаачилга, манлайлал, төр, засаг, хувийн хэвшил, олон улсын байгууллагын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал байгааг тэмдэглэлээ.
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилготой “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт” хөдөлгөөн хэрэгжиж байгаа.
Одоо усны салбарт “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой гэж үздэгээ илэрхийллээ.
Мөн уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд амласан модоо эрчимтэй тарьж, ургуулах нь чухал байгааг санууллаа.
“Цэнхэр алт” үндэсний хоёрдугаар чуулганаар хэлэлцсэн асуудал болон “Нэг нуур, Нэг сум-333 нуур”, “Дусал бүр” уриалгыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх зэргийг хэлэлцэн зөвлөмж гаргана.
Чуулганд усны салбарын төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагын 1,200 гаруй хүн оролцож байна.
Улс төр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Хиймэл дагуулын хэрэглээний хурдасгуур” инновацын төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Британийн Засгийн газрын “Хиймэл дагуулын хэрэглээний хурдасгуур” инновацын төвийн үйл ажиллагаатай 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр танилцав.
Уг инновацын төв нь сансрын техник, технологийг хөгжүүлэх, түүний хэрэглээг өргөжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба энэхүү нэр хүндтэй байгууллагад Монгол Улсын иргэн Б.Марал ахлах зөвлөхөөр ажилладаг. Их Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэгээр нэрлэгдсэн тэрбээр хиймэл дагуулын өгөгдөл дээр судалгаа, шинжилгээ хийж байна. Б.Марал нь Оксфордын их сургуульд докторын зэрэг хамгаалж, “Keeley Scholar” хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртжээ.
“Хиймэл дагуулын хэрэглээний хурдасгуур” инновацын төв нь дэлхий нийт анх хиймэл дагуул хөөргөж эхэлсэн үе буюу 1970 оноос хойших өгөгдлүүдэд тулгуурлаж, хувийн хэвшлүүдтэй хамтран байгаль орчин, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, уул уурхай зэрэг олон салбарт судалгаа хийдэг. Тодруулбал, газар тариалан эрхлэх боломжтой хөрс сонгох, эрчим хүчний салбарт нар, салхины цахилгааны станц байгуулахад өндөр үр ашиг өгөхүйц байрлалыг сонгох, уул уурхайн үйл ажиллагаа байгаль орчинд хэрхэн нөлөөлж буйг судлах гээд олон чухал судалгааг хиймэл дагуулын өгөгдөлд тулгуурлан явуулж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тус төвийн үйл ажиллагаатай танилцах үеэр хамтын ажиллагааны шинэ чиглэл болох хиймэл оюун ухаан, өндөр технологи, ногоон хөгжил, хөдөлмөрийн зах зээл зэрэг салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфорд хотноо Монгол судлаачидтай уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Оксфорд хотод ажиллав.
Энэ үеэр Оксфордын их сургуулийн захирал Уильям Хейг, Газарзүй, байгаль орчны сургуулийн захирал, профессор Жайлс Вигс нар бараалхлаа. Монгол Улсын боловсролын салбарт тавьж буй зорилтууд, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн болон цаашид хамтран ажиллах боломжтой судалгааны чиглэлийн талаар санал солилцов.
Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфордын их сургуулийн Газарзүй, байгаль орчны сургуулиас 7 дахь удаагаа зохион байгуулж буй “Говь цөлөрхөг нутагт амьдарч буй улс орнуудын иргэдийн ахуй амьдралыг судалдаг судлаачдын олон улсын бага хурал”-д оролцож байгаа монгол судлаачидтай уулзаж, тэдний судалгааны ажилтай танилцлаа.
Монгол судлаачдын хийж буй судалгаа, шинжилгээ нь хэл шинжлэл, утга зохиолын салбараар хязгаарлагдах бус газар зүй, уур амьсгалын өөрчлөлт, дэвшилтэт технологи гээд маш олон чиглэлд хөгжиж байна. УИХ-ын даргын зүгээс Монгол судлаачдын гаргаж буй судалгаа тооцооллыг төрийн бодлого шийдвэрт ашиглах нь нэн чухал гэдгийг уулзалтын үеэр онцоллоо.
Оксфордын их сургууль нь боловсрол, судалгааны салбарт дэлхийд тэргүүлдэг бөгөөд 45 коллеж, эрдэм шинжилгээний тэнхим, судалгааны төвтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Улс төр8 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфорд хотноо Монгол судлаачидтай уулзлаа
-
Нийгэм7 цаг өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд
-
Нийгэм6 цаг өмнө
Улаанбаатар хотын хэмжээнд хаврын их цэвэрлэгээ маргааш эхэлнэ
-
Нийгэм8 цаг өмнө
БНБУ-ын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа
-
Нийгэм6 цаг өмнө
Таван чиглэлд нийтийн тээврийн автобусны нэгдүгээр эгнээг үе шаттай өргөтгөнө
-
Улс төр2 цаг өмнө
У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
-
Нийгэм8 цаг өмнө
Кирсти Ковентри Олон улсын олимпын хорооны анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдлоо
-
Нийгэм8 цаг өмнө
Наурызын баярыг Сүхбаатарын талбайд тэмдэглэнэ