Нийгэм
“Монгол хүн-Эрсдэлийн боловсрол” аян эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газраас ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, энэ пүрэв, баасан гарагт тохиох газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх таниулах өдөр болон улсын хэмжээнд эхлүүлж байгаа “Монгол хүн-Эрсдэлийн боловсрол” аяны талаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн нар өгсөн юм.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр “Улсын хэмжээнд 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар Архангай аймгийн Хайрхан, Дорнод аймгийн Халхгол, Хэрлэн, Баян-Уул, Булган, Цагаан-Овоо, Дашбалбар, Чойбалсан, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт, Дадал, Дундговь аймгийн Өндөршил, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт, Жаргалант, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Булган аймгийн Сэлэнгэ суманд, нийт 8 аймгийн 20 суманд 28 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 887 га, хээрийн 1,390,761 га талбай, 39 гэр, 15 сууц, чингэлэг, 6 автомашин, 11 мотоцикл, 75 малын хашаа, 27 өвөлжөө, 40 хаваржаа, 6937 бог, 569 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртсөн байна.Түймрийн шалтгаан нөхцлүүдийг тогтоохоор холбогдох байгууллагын алба хаагчид ажиллаж байна. Хаврын хуурайшилт эхэлсэнтэй холбогдуулан ой, хээрийн түймрийн тоо эрс нэмэгдэж байгаа тул иргэн бүр сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна” гэлээ.
УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү “Улсын хэмжээнд 2021-2024 онуудад гарсан ой, хээрийн гал түймрийн 49.8 хувь нь зүүн бүсийн аймгуудад тохиолдсон. Сүүлийн өдрүүдэд ой, хээрийн түймрийн дуудлага эрс нэмэгдэж байна. Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 24-өөс эхлэн ихэнх нутгаар хүйтэрч, 25-26-нд ихэнх нутгийг хамран хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна” гэлээ.
Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн “Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн 7 хоногийн лхагва гарагт газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдөр энэ жил гуравдугаар сарын 26-нд тохиож байна. Мөн Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын дагуу гамшгийн тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах сургалт, дадлагыг энэ пүрэв гарагт буюу 16:00 цагт улсын хэмжээнд зохион байгуулах тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн Боловсролын сайдын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэх тухай” А/01 дүгээр тушаалын хүрээнд II улирлын бие даалтын долоо хоног орон нутагт өнөөдрөөс эхэлж байна. Бие даалтын долоо хоног орон нутагт 03 дугаар сарын 24-28, нийслэлд 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 04-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын байгууллагаас “Монгол хүн-Эрсдэлийн боловсрол” аяныг өнөөдрөөс эхлэн орон даяар зохион байгуулж байна” гэлээ.

Нийгэм
198 сая төгрөгийн хөрөнгө, орлогыг их хэмжээний өөрчлөлт гэж үзнэ

Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтаар нийтийн албан тушаалтнууд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг худал мэдүүлэх, санаатайгаар орхигдуулах, хуульд заасан үндэслэлийн дагуу мэдүүлгээ гаргаж бүртгүүлээгүй зэрэг авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүрэгтээ хайнга хандах зөрчлүүд гарч байна.
Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар албан тушаалтан нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргах, албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, мөн хөрөнгө, орлогод нь их хэмжээний өөрчлөлт орсон буюу нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөлт орсон тохиолдолд 30 хоногийн дотор мэдүүлгээ гаргах үүрэгтэй. 2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөг болсон бөгөөд мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгөд 198,000,000 төгрөг буюу түүнээс дээш хэмжээний өөрчлөлт орсон тохиолдолд тухайн орлого, хөрөнгийн талаар 30 хоногийн дотор цахим системд мэдүүлгээ гаргаж бүртгүүлэхээр болсон.
Нийтийн албан тушаалтны мэдүүлсэн хөрөнгө нь хууль ёсны орлогоор бий болсон эсэх, эх үүсвэр нь үндэслэлтэй эсэхийг Авлигатай тэмцэх газраас нарийвчлан хянан шалгадаг бөгөөд хуульд заасан үүргийг хэрэгжүүлээгүй, мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаж өгөөгүй тохиолдолд нийтийн албан тушаалаас чөлөөлөх, ажлаас халах хүртэлх хариуцлага хүлээх үндэслэл болохыг анхааруулж байна.
Нийгэм
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн газар, Нийслэлийн бүртгэлийн газрыг татан буулгана

Нийслэлийн удирдах ажилтны хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар Хэмнэлтийн хуулийн дагуу, нийслэлийн хоёр агентлагийг татан буулгана гэв.
Эдгээр нь Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хамгааллын газар болон Нийслэлийн бүртгэлийн газар юм. Учир нь дүүрэг бүрд Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн бий, энэ чиг үүргийг хэрэгжүүлдэг мэргэжилтнүүд бий. Улсын бүртгэлийн ерөнхий газартай чиг үүрэг давхацсан тул энэ байгууллагыг мөн татан буулгана гэв.
Тухайн нэгжийг харьяа агентлаг нь удирдлага, арга зүйгээр хангаад явах бүрэн боломжтой гэж үзжээ.
Гэтэл нийслэлийн гэх тодотголтой хоёр байгууллага мэдээлэл дамжуулах л үүрэгтэй ажиллаж байна. Бид төрийн хэмнэлт гэж ярьчхаад чиг үүргийн давхцалтай ийм бүтэц байлгаж таарахгүй. Төрийн алба цомхон, чадварлаг байх ёстой. Энэ хүрээнд зарим төслийн нэгжүүдийг ч татан буулгана гэж хотын дарга хэлэв.
Нийгэм
Энэ баасан гарагт хилийн зарим боомтууд түр хаана

Хилийн боомтуудын 2025 оны дөрөвдүгээр сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.
Дөрөвдүгээр сарын 4 буюу энэ баасан гарагт БНХАУ-ын хууль тогтоомжийн дагуу Ханш нээх баяр тохиож байгаа тул тус өдөр Монгол-Хятадын зарим боомт түр хаана.
Мөн Ульхан авто замын боомт дөрөвдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажиллахгүй.
-
Нийгэм4 цаг өмнө
Х.Нямбаатар: Хүүхдийн төлөө хийж буй ажилд хамтарч ажиллахгүй бол тус ААН-тэй холбоотой зөвшөөрөл, бичиг цаасны ажлыг зогсооно
-
Нийгэм3 цаг өмнө
Үнэрт нүүрс устөрөгч тодорхойлох суурин багаж, дагалдах тоног төхөөрөмжтэй болно
-
Нийгэм2 цаг өмнө
Энэ баасан гарагт хилийн зарим боомтууд түр хаана
-
Нийгэм2 цаг өмнө
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн газар, Нийслэлийн бүртгэлийн газрыг татан буулгана
-
Нийгэм1 цаг өмнө
198 сая төгрөгийн хөрөнгө, орлогыг их хэмжээний өөрчлөлт гэж үзнэ