Нийгэм
Туулын хурдны зам төслийн хүрээнд 8 байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар барина

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх төслийн нэг нь Туулын хурдны зам юм.
Уг хурдны зам нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 6 эгнээ 32 километр үргэлжилнэ.
Хотын төвийн авто замын ачааллыг бууруулж, замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой төсөл юм.
Туулын хурдны зам бол Шинэ тойрог замын нэг хэсэг бөгөөд найман байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд 9870 урт метр гүүр, долоон байршилд 370 урт метр туннель тус тус барихаар төлөвлөсөн. Жишээлбэл, Баянзүрхийн товчооны уулзвар буюу хотоос орох, гарах хөдөлгөөн болон хотын хойд чиглэлтэй холбогдох хоёрдугаар тойрог замын хөдөлгөөнийг зохицуулсан үндсэн гарц барина. Нэгдүгээр тойрог зам болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт төлөвлөж буй олон түвшний огтлоцол бүхий орох, гарах хэсэг нь Өөдөө тэмүүлэх гүүр, Богд уулын туннель, Хүннү хоттой холбогдож хотын хөдөлгөөний урсгалыг гадагш нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Яармагийн гүүрийн баруун хэсэг дэх орох гарах хэсэг нь төв замтай холбогдох замаар хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах бөгөөд энэ нь төвийн бүсийн хөдөлгөөнийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ.
Түүнчлэн хотын баруун хэсэгт баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрогт төлөвлөж буй олон түвшний огтлолцол нь Улаанбаатар хотын босоо тэнхлэгийн авто зам, 1, 2 дугаар тойрог замтай холбогдож Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох зорилготой. Төслийн барилга угсралтын ажлыг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэлийг олон улсын стандартын дагуу, үе шаттайгаар хийхээр төлөвлөж байна.

Нийгэм
Менингоккокт халдвар авсан хүүхэд нас баржээ

Архангай аймгийн Цэнхэр суманд менингоккокт халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Энэ сарын 25-ны өдөр 5 настай эрэгтэй хүүхдийн биеэр тууралт гарсан, өндөр халуурч байна гэх дуудлага Цэнхэр сумын Эрүүл мэндийн төвд иржээ. Дуудлагын дагуу тус сумын эмч нарыг очиход хүүхдийн биеийн байдал хүнд, менингоккот халдварын шинж тэмдэгтэй байсан учир аймгийн НЭ-ийн халдвартын тасагт шилжүүлж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийсэн боловч тухайн хүүхэд нас барсан байна.
Тууралтат халдварын улирал эхэлж буй энэ цаг үед хүүхдийн тань бие дээр тууралт гарах, халуурах шинж тэмдэг илэрсэн даруйд цаг алдалгүй харъяа эрүүл мэндийн байгууллагад хандахыг аймгийн ЭМГ-аас анхааруулж байна.
Нийгэм
Улаанбаатар метро төслийн зөвлөх багууд тендерийн баримт бичгийн сургалт зохион байгуулав

Их багтаамжийн нийтийн тээвэр Улаанбаатар метро төслийн стратегийн зөвлөхөөр ИБУИНВУ-ын Зам тээврийн яамны харьяа “Crossrail international” компани ажиллаж байна.
Тус компани Улаанбаатар метро төсөлд гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилт татахад дэмжлэг болох зорилгоор тендерийн баримт бичиг, мэргэжлийн үйл ажиллагаанд зөвлөж, хяналт тавьж ажиллаж байна.
Өчигдөр тус компанийн захирал Patrick TenHave, Alistair Thomson, Улаанбаатар метро төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Dohwa Engineering” компанийн захирал Пак Юн Чул, “Нэгдсэн төслийн удирдлагын газар”-ын захирал У.Баатар нар төслийн тендерийн баримт бичгийг стандартад нийцүүлэх, нягтлах, олон улсын хэмжээний томоохон компаниудыг оролцуулах, төслийг санхүүжүүлэх сургалт зохион байгууллаа.
Ташрамд, “Crossrail international” компани нь 2022 оны тавдугаар сард Лондон хотын метроны Элизабет шугамыг амжилттай барьж ашиглалтад оруулсан бөгөөд Австрали, АНУ, Канад, Хонг Конг зэрэг улсад стратегийн зөвлөхөөр ажилладаг билээ.
Нийгэм
“Атрын IV аян”-ы хүрээнд тариаланчдын зөвлөгөөн эхэллээ

“Атрын IV аян”-ы хүрээнд тариаланчдын уулзалт, зөвлөгөөн Дархан-Уул аймагт эхэллээ.
Өчигдөр үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мөөг, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн салбар сургалт, зөвлөгөөнүүд болж өндөрлөв.
Салбар хуралдаануудыг нээж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Атрын IV Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы зорилт, үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулсан.
Хөдөө аж ахуйн их сургууль болон Ургамал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид Монгол орны нөхцөлд тохирсон үр соорт нутагшуулах, хөрс ургамал хамгаалал, техник технологийн дэвшил зэргийг танилцуулж, сургалт хийлээ.
Мөн газар тариалангийн хоршоологчид болон салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд туршлагаасаа хуваалцсан юм.
Зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн Хөдөө аж ахуйн газар, их сургуулиуд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд болон хоршоод, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жинсгэнэ, мөөг, хүлэмжийн аж ахуй, эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хамрууллаа.
Өнөөдөр буюу 2025.03.28-ны өдөр “Атрын IV аян”-ы хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн Дархан-Уул аймгийн Залуучууд театрын Их танхимд болно гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.